АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейений Канад улсыг Европын Холбооны хамтрагч гишүүн болгох саналыг "инээдтэй" гэж үзэж байгаагаа хэлээд, тус холбоотой хийх худалдаагаа тасалж ч магадгүй гэж сүрдүүлэв.
"Би үүнийг инээдтэй зүйл гэж би бодож байна. Канад улс бол худалдааны аймшигтай түнш байсаар ирсэн. Хэрэв би үүнийг өчүүхэн ч гэсэн дайсагнасан үйлдэл гэж үзвэл маш ноцтой татвар ногдуулах эсвэл Европтой хийх худалдаагаа зогсоох болно" гэж Трамп ЕК тэргүүн фон дер Лейений саналын талаар сэтгүүлчдэд тайлбар хийхдээ хэлжээ.
Лхагва гарагт Страсбург хотод болсон ЕХ-ны жилийн тайлангийн үеэр Европын Комиссын тэргүүн Европын Холбоотой харилцах харилцааны шинэ загвар болж болох Канадын түнш гишүүний статусыг танилцуулжээ. Ингэснээр тэрээр Брюссель, Оттавагийн харилцааг шинэ түвшинд гаргахыг санал болгосон юм.
Канад улс Урсула фон дер Лейений саналд болгоомжтой хандаж байгаа аж. Оттава Европын Холбоотой илүү нягт харилцаатай байхыг эрмэлзэж байгаа ч дээрх статусыг хүлээн авахад хараахан бэлэн болоогүй байгаа тухай Европын Холбоонд суугаа Канадын Элчин сайд Жонатан Уилкинсон мэдэгджээ. Түүний хэлснээр, талууд эхлээд түншлэл гэж чухам юуг хэлэх талаар тохиролцох ёстой гэнэ.
"Түнш гишүүний тухайд бид одоохондоо тэр цаг үед хүрээгүй байна. Бид тодорхой үр дүнд хүрэх тухайд илүү анхаарлаа хандуулж байна. Энэ нэр томьёог таашаадаггүй гэж би хэлээгүй. Нэг зүйлийг юу гэж нэрлэхээ шийдэхээсээ өмнө түүний хэлбэрийг ойлгох хэрэгтэй" гэж Уилкинсон хэлжээ. "Одоо хамгийн чухал нь үр дүн. Бодлогыг тодорхойлоход ашиглах нэр биш, харин олон салбарт хамтран ажиллах нь чухал" гэж элчин сайд онцоллоо.
Уилкинсон түнш гишүүнчлэлийг боломжит нэр томьёо хэмээн олон удаа дурдахын зэрэгцээ "ирээдүйн эвсэл” гэсэн нэр томьёог мөн дурдсан байна. Тэрээр талууд 10-р сард Монреальд болох Канад-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон санаачилгуудаа зарлана гэж найдаж байгаагаа тэмдэглэжээ.
Өнгөрсөн 8-рсараас эхлэн АНУ,Канадын хоорондох худалдааны дайн дахин хурцдаж, шинэ шатандаа орсон юм.