Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг тус сонины үе үеийн сэтгүүлчид, нийт хамт олонд өргөн дэвшүүлье.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч, гарамгай сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн журмын нөхдийнхөө хамт үүсгэн байгуулсан тус сонин монгол түмний ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн замаар замнасан шинэ түүхийн толь нь, өөрчлөн шинэчлэх үзэл санаа, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний индэр нь, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах хөдөлмөр тэмцэл, амжилт ололтыг түгээн дэлгэрүүлэгч нь байсаар ирснийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Үнэн зөв, баталгаатай мэдээлэл, хараат бус байдал, ёс зүйг эрхэмлэн дээдэлж, Монголын нийгэмдшударга ёсыг бэхжүүлэх, иргэний, хариуцлагатай, чөлөөт сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсийн манлайд нь явж ирсэн “Өнөөдөр” сонин Монголын сэтгүүл зүйн түүхэнд нэн чухал үнэ цэн бүтээснийг цохон тэмдэглэе.
Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй, чөлөөт хэвлэл мэдээлэл бол Монголын сайн сайхны баталгаа, үнэт баялаг мөн бөгөөд түүнийг эрхэмлэн нандигнах нь Монгол Улсын язгуур эрх ашигт бүрнээ нийцнэ.
Орчин цагт иргэд нь мэдээллийн боловсролтой, сэтгүүлчид нь өргөн мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байвал хэвлэл мэдээлэл сая дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж чадна. Ёс зүй, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан, гагцхүү үнэнийг эрхэмлэгч сэтгүүлч, түүний бүтээл бол эрүүл нийгмийг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх гол хөшүүрэг мөн.
Эдгээр эрхэм чухал зарчим, үзэл санааг “Өнөөдөр” сонин урьдын адил тууштай баримталж, шинэ сэтгүүл зүйн түүхийг алтан үсгээр дархална гэдэгт эргэлзэхгүй байна.
Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж, бат бэх суурьтай байлгахын төлөөх “Өнөөдөр” сониныхны үеэс үед эрхэмлэсэн чин эрмэлзэл, бат итгэл амжилт ололтоор дүүрэн байхын ерөөл өргөе.
Та бүхний үг үнэн, үйлс ариун, үзгэн хөлгийн тань шандас цуцашгүй байх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ