Олон улсын хараа хамгаалах өдрийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс хүүхдийн нүдний гэмтлээс хамгаалахыг уриалжээ. Нүдний гэмтэл нь хүүхэд, өсвөр үеийн хараа муудах, сул хараа үүсэх, сохрох шалтгаан болдог байна. Тодруулбал, 2021-2025 онд ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасагт нүдний гэмтэл оношоор хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 52.7 хувь нь 8-16 насныхан, үүн дотроо 74 хувь нь эрэгтэй байжээ. Гэмтлийн төрлөөр нь авч үзвэл 52.3 хувийг битүү гэмтэл эзэлж буй аж. Тоглоомон чавх, үрлэн сумтай буу, моринд өшиглүүлэх, цохиулах, спортын тоглоом болон тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой гэмтлүүд нь битүү гэмтлийн шалтгаан болж буй юм. Мөн зүү, шөвөг, хадаас, нум сум, хайч, хутга, бал, хагарсан шил, халбага, сэрээ зэрэг хурц үзүүртэй болон иртэй зүйлсэд нүдээ гэмтээх нь цөөнгүй гэнэ. Түүнчлэн ахуйн цэвэрлэгээний химийн бодис, шавж, өт, элс, шороо зэрэг гаднын биет орсноос нүд гэмтэх тохиолдол бүртгэгдэж буйг эмч нар анхааруулав. Хүүхдүүдийн 42 хувь нь гудамж, талбай, 26 хувь нь сургууль, гэрийн орчинд байхдаа нүдээ гэмтээжээ. Иймд хүүхдийн харааг хамгаалахын тулд гэр, гудамж, талбайн орчны аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал, хяналт нэмэгдүүлэх нь чухал болохыг мэргэжилтнүүд санууллаа.