Олон мянган га талбайг хамарсан, томоохон хэмжээний түймрээс үүдэлтэй агаар мандлын шуурга, нарийн ширхэгт тоосонцрын бохирдол, урт хугацаанд утаан бүрхүүл тогтох зэрэг аюулт үзэгдлийн давтамж эрс нэмэгдсэнийг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас сэрэмжлүүлэв. Эдгээрээс хоруу чанар, нөлөөллөөрөө хамгийн аюултай нь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын бохирдол аж.
Их хэмжээний газар нутгийг хамарсан түймэрт мод, ургамлаас эхлээд хүлэр, хөрсний гүн дэх органик бодисууд, ан амьтад, барилга, байгууламж, дэд бүтэц гээд олон зүйл өртдөг учир утаа нь тэр хэрээр хортой найрлагатай байдаг гэнэ. Утаанаас ялгардаг нарийн ширхэгт тоосонцор нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц, олон төрлийн химийн нэгдлийг агуулдаг байна. Судлаачид үүнийг “хорт бодисын коктейль” хэмээн нэрлэж байна. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий дахинд хуурайшилт, хэт халах үзэгдэл эрчимжсэнээр түймрээс үүдэлтэй тоосонцрын бохирдол ч үлэмж нэмэгджээ.
Зөвхөн ойн түймрийн утаанаас ялгарсан нарийн ширхэгт тоосонцрын бохирдлын улмаас 2010-2018 онд жил бүр 100 орчим мянган хүн нас барсан байжболзошгүйг тархвар зүйн судалгаагаар тогтоосныгДэлхийн цаг уурын байгууллагынхан энэ оны “Агаарын чанар, уур амьсгалын өөрчлөлт”-ийн тайландаа дурджээ. Иймд юуны түрүүнд түймрийн эрсдэлийг бууруулах, утааны хор хөнөөлийг бодитоор тооцоолох зэргээр ийм төрлийн аюулаас иргэдийг хамгаалах нь чухал гэдгийг анхааруулав.
Өнгөрсөн онд дэгдсэн томоохон түймрүүдийн улмаас Канадын хойд хэсэг, ОХУ-ын зарим бүс нутаг, Африкийн баруун болон төв хэсэгт агаар дахь тоосонцрын хэмжээ олон жилийн дунджаас 3-4 дахин давжээ.