Узбекистаны Самарканд хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад олон орны үзэгч анхаарал хандуулж байна. Ази, Европын шилдэг багуудын хөлөг дээрх тулаан ширүүхэн өрнөж, тэмцээн өндөрлөтөл өрсөлдөөнтэй болохыг эхний өдрийн өргүүд харуулав. Эл олимпиадад оролцож буй Монголын эмэгтэйчүүд дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлагад 191 улсын багаас чансаанд 15-д эрэмбэлэгдэн, эхний тоглолтоо Палестин улсын шигшээтэй хийлээ. Эрэгтэйчүүд Ц.Анугаар ахлуулан 208 орны шигшээгээс 51 дүгээр байрт жагсаж, Аруба арлын багтай өрсөлдсөн. Аруба нь Карибын тэнгисийн өмнөд хэсэгт, Венесуэлийн эргийн ойролцоо оршдог Нидерландын вант улсын харьяа, өөртөө засах эрх бүхий арал улс юм. Хэдийгээр тус улсын бүрэлдэхүүнд багтдаг ч Олон улсын шатрын холбоо болон Олон улсын олимпын хороонд бие даасан гишүүнчлэлтэй байдаг тул дэлхийн шатрын олимпиадад өөрийн улсын нэрээр, тусдаа баг бүрдүүлэн оролцдог аж.
Тэгвэл дээрх хотод үргэлжилж буй шатрын III пара олимпиадад анх удаа оюунаа сорьж буй манай улсын тамирчид амаргүй өрсөлдөгч гэдгээ учраа таарсан тоглогчдодоо мэдрүүлж буй. Дасгалжуулагч Г.Мөнхгалаар ахлуулсан тэд I, II өрөгт чансааг тэргүүлэгч Польш, Хорватын шигшээтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, 2:2-оор тэнцсэн бол гуравдугаархад Киргизийн тамирчдыг 3:1-ээр буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Түүнчлэн дөрөвдүгээр өрөгт Аргентин багт 1.5:2.5-аар ялагдсан ч тавдугаар өрөгт Бүгд Найрамдах Замби улсын тамирчдыг 2.5:1.5-аар илүүрхсэн юм. Эрэгтэйчүүдээс нэгдүгээр ширээнд тоглож буй Б.Болд-Эрдэнэ Родрик Чонготой тэнцэж, хоёр дахь ширээнд Ц.Түмэнбаяр Адриан Мунталийг 1:0, гурав дахь ширээнд С.Сундуй Тамбужай Кадиламуандо мөн 1:0-ээр ялснаар хожлын салхийг өөрийн талд эргүүлэв. Зургаадугаар өрөгт чансааг тэргүүлэгч Польш, Чех улсын баг нэгдүгээр, манайхан Сербийн шигшээтэй тавдугаар ширээнд өрсөлдөж буй. Монголын баг тус улсын тамирчидтай хийсэн тоглолтын үр дүнгээс шийдвэрлэх долоодугаар өрөгт тэмцээнээ үргэлжлүүлэх, эсэх нь хамаарах аж. Таван өргийн дараах байдлаар манайхан 41 багаас 12 дугаар байрт жагсаж байна.