“Өнөөдөр” сонины үе үеийн төлөөлөл ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшигт туг хүлээлгэн өгөв. Өөрийн нэрэмжит тугтай анхны сонин боллоо.
“Монгол ньюс”-чүүд түүхт 30 жилийн ойн баяраа бахдам сайхан тэмдэглэлээ. “Монгол ньюс”- групп, “Өнөөдөр” болон “UB post” сонин үүсгэн байгуулагдсаны 30 жилийн тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасан билээ. Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Монгол ньюс” группийн ерөнхий нягтлан бодогч Б.Халиунаа, “Алтан гадас” одонгоор хүний нөөцийн менежер О.Батцэцэг, Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Бурмаа, Ю.Төгсжаргал, “Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн албаны тоймч С.Туул, Олон нийттэй харилцах албаны менежер Ц.Хашзаяа нар энгэрээ мялаав. Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч О.Бат-Ундрах, тус албаны сэтгүүлч, Г.Батцэцэг, тоймч Ч.Болортуяа, Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Цэрэндулам, Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч Ж.Сувдмаа нар шагнуулсан билээ. Түүнчлэн Ж.Сувдмаа, Хэвлэх үйлдвэрийн хэвлэгч А.Лхагвасүрэн нар МСНЭ-ээс олгодог Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, “UB post” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Ивээл, “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч У.Цэцэгсүрэн нар “Ган үзэгтэн” тэмдгээр шагнууллаа. Мөн “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч Ч.Болортуяа нь “Эрх мэдлээрээ тү рээ барьж, “аюулгүй бүс”-д халдагсад”, “Хуулиар хамгаалсан ч нийтэд “нээлттэй” хувийн нууц”, “Сургуульд “данс”-тай ч сурах эрхээ эдэлж чаддаггүй хүүхдүүд” зэрэг хүний эрхийн чиглэлээр бичсэн нийтлэлээрээ ХЭҮК-ын нэрэмжит шагнал хүртсэн юм.
Шагналын хур буусан энэ өдөр Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр “Монгол ньюс” компанийн Аж ахуйн албаны дарга Г.Сүхбаатар, “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага, Борлуулалтын албаны менежер Д.Оюун, Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон, Нийслэлийн хүндэт тэмдгээр “Монгол ньюс” группийн нягтлан бодогч О.Бямбасүрэн нар шагнуулсан билээ. Мөн “UB Post” сонины сэтгүүлч Д.Чанцалмаа, “Өнөөдөр” сонины Олон нийттэй харилцах албаны менежер Б.Батцэцэг нарт нийслэлийн Засаг даргын жуух бичиг гардуулав. Энэ үеэр Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол хүртлээ. Үүгээр зогсохгүй Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх үйлсэд мэргэжил, мэдлэг, оюун билиг, авьяас чадвараа дайчлан амжилттай ажиллаж буйг онцлон “Монгол ньюс” групп, “Өнөөдөр” сонинд МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь хүндэтгэлийн одон” гардуулсан юм.
Монголын нэрт сэтгүүлч, соён гэгээрүүлэгч Ц.Балдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөв.
“Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун агсны номын хурим.
“Өнөөдөр” сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ тэмцээнд дэд байрт шалгарлаа.
30 жилийн ойд зориулсан онцгой бялууг ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, орлогч эрхлэгч Г.Өлзийсайхан нар хөндлөө.
“Өнөөдөр”-ийн үе үеийн төлөөлөл