МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр өглөө Төрийн ордонд хуралдав. Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналаа танилцуулж, Удирдах зөвлөл нь дэмжжээ. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Г.Тэмүүлэн УИХ-д гурав дахиа сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч. Олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн, эдүгээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалдаг. Тиймээс хууль зүй, дотоод хэргийн хариуцлагатай, том салбарт ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэв.
С.Амарсайханыг МАН доторх “30-ийн бүлэг”-ээс санал болгож байсан учраас орны хүнийг нь ч тэндээс томилж буй нь энэ аж. Гэвч дээрх бүлэг дотроо бас хуваагдсан бололтой. Мөн хэрэв сөрөг хүчнээс Засгийн газрыг огцруулах, эсэх асуудлыг оруулж ирвэл эсрэг санал өгч, намын бодлогыг зөрчсөн хүн бүрийг хөөнө хэмээн Я.Содбаатар мэдэгдсэн. Г.Тэмүүлэнг өмнө нь Сангийн сайдаар томилохоор ярьж байсан ч “мултарсан” юм. Харин энэ удаа түүний “хоолонд орох” ээлж иржээ. Тэрбээр Америкийн их сургуулийг олон улсын харилцааны бакалавраар төгсөж, мөн олон улсын удирдлагын магистрын зэргээ тэнд хамгаалсан аж. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтнээс хэлтсийн дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн дэд сайд зэрэг ажил хийж байгаад 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогджээ. Тэгэхээр хууль зүй, дотоод хэргийн салбараас хол, энэ чиглэлийн туршлага бага. Хэдий тийм ч С.Амарсайханаас арай дээр сонголт болж байна.
УИХ-ын өчигдрийн үдээс хойших чуулганд Ерөнхий сайд шинэ ХЗДХ-ийн сайдаа танилцуулж, ёсчлох ёстой байв. Гэвч МАН дахь цөөнхийн бүлэглэлийн 10 гаруй гишүүн, Үндэсний эвслийн дөрөв, үүнээс гадна сөрөг хүчнийхэн чуулганд оролцоогүй тул ирц 41 хувь дээр гацсан юм.