ЖИШЭЭ 1
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин Д.Анааеэ
Би 6-15 насны дөрвөн хүүхэдтэй. Энэ намар хамгийн бага минь нэгдүгээр ангид элссэн. Хүүхдүүдээ өндөр боловсролтой болгох нь нөхөр бид хоёрын зорилго. Зөв хүмүүжүүлж, Монголдоо хэрэгтэй мэргэжил эзэмшүүлэх сэн гэж хүсдэг. Тиймээс хүүхдээ найман настайд нь нэгдүгээр ангид оруулахыг зөвшөөрөхгүй. Үеийнхэн нь зургаан настайдаа сургуульд орж байхад малчны хүүхэд яагаад хоёр жилээр хойш сууна гэж.
Манайх сумын төвөөсөө өвөл 150, зун, намар, хавартаа 60 орчим км-ийн зайд нутагладаг. Мэдээж ийм зайнаас хүүхэд сургуульдаа өдөр бүр явах боломжгүй учраас сумын төвд гэр бариад амьдарч байна. Отор нүүдэл хийх үедээ хүүхдээ сургуулийн дотуур байр, айлд байлгаж үзсэн. Хүүхэд аав, ээжийгээ санаж, сэтгэлээр унах, хичээлээ ойлгохгүй байх зэрэг бэрхшээл гардаг. Иймд хэн нэг нь хүүхдүүдтэйгээ хамт байх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Одоо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэг, хоёрдугаар ангийн хүүхдэд цахимаар хичээл заах гэж буйг дэмжихгүй. Өглөө гараад л орой орж ирдэг малчдад тийм цаг, бас хичээл заах ур чадвар, мэдлэг байхгүй шүү дээ. Харин зуны гурван сард явуулын багш ажиллуулдаг бол сайхан.
ЖИШЭЭ 2
Хэнтий аймгийн Хэрлэн сумын малчин С.Начмаа
Том хүү минь одоо 18 настай. Нэгдүгээр ангид ороход нь эмээ нь дагаад аймгийн төвд амьдарсан. Харин хоёр дахь хүүгээ сургуульд ороход нь би өөрөө хамт байж нөхөр малаа хараад сумдаа үлдсэн юм. Хүүхдүүдээ ч, малаа ч орхигдуулалгүй болоод л байна. Гэтэл УИХ-ын гишүүд ямар ч судалгаа, баримтгүйгээр, хүүхэд нь хол сурдгаас болж малчин гэр бүл салж байгаа мэтээр ярих юм. Гэр бүл салах нь хоёр хүний л асуудал байх. Хотод ч ялгаагүй хосууд салдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ дагаж эхнэр нь төв газар бараадсанаар нөхөр нь архинд орж, эцэстээ салж сарнихдаа тулдаг, иймээс малчдын хүүхдийг хожуу сургуульд оруулна гэж ярих нь хэт өрөөсгөл. Үүнийгээ бүр хуульчлах гэж байгааг дэмжихгүй. Ингэлээ гээд гэр бүл салахгүй гэх нотолгоо бий юү. Хүүхдийг нь золиосолж, малчдаа бодсон мэт дүр үзүүлэх нь хорлож буй хэрэг.
УИХ-ЫН ГИШҮҮД ХҮҮХДЭЭ ЦАХИМААР СУРГАХ БАЙСАН УУ
Р.Сэддорж нарын УИХ-ын гишүүд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны зургаадугаар сард өргөн барьсан. Тэднийхээр малчны хүүхдүүдийг найман настайгаас нь сургуульд оруулах юм гэнэ. Тодруулбал, уг хуулийн төслийн 4.7-д “Малчин эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулж болно”, 4.9-д “Энэ хуулийн 4.8-д заасан зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг гуравдугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургана” гэжээ. Ямар үндэслэлээр ийм зүйл, заалт оруулах болсныг хуулийн үзэл баримтлалаас нь ухаад олсонгүй. Хууль санаачлагчдын гаргасан тайлбарт хэчнээн малчин ингэж хүссэн нь тодорхойгүй байна. “Малчин өрхийн хүүхэд зургаан наснаас сургуульд суралцах нь тэдний хувьд, ялангуяа малчдын амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, нэг гэр бүл хоёр талд, тухайлбал, сургуульд орсон зургаан настнаа эхнэр нь харж, сумын төвд удаан хугацаагаар сууснаар бусадтай гэр бүл болох, нөхөр нь уулын мухарт ганцаараа архи ууж, улмаар салж байна” гэсэн барьцгүй тайлбараас өөр судалгаа, нотолгоо алга. Дээрх шалтгаанаар хэчнээн гэр бүл салав. Малчид “Амьдрал хэцүүдлээ” гээд хүүхдээ сургууль завсардуулсан хэдэн тохиолдол байна вэ. Үүнд хариулт өгөхгүй хэрнээ малчдын хүүхдийг ялгаварлан гадуурхсан хуулийг батлуулахаар улайрахын учир юу вэ. Эрх баригчид өөрсдийнхөө хүүхдийг ийм шалтгаанаар сургуульд оруулахаас цааргалах байсан уу.
Сургуульд нь ойртуулах бус, холдуулах гэсэн ийм бодлогыг хуульчилж болохгүй хэмээн УИХ-ын зарим гишүүн, иргэд эсэргүүцэж буй. Тухайлбал, УИХын гишүүн Х.Баасанжаргал “Бид “Ковид- -19”-өөс маш үнэтэй сургамж авсан. Танхимын сургалтыг гэрээр болон цахимаар орлуулах боломжгүйг ойлгосон. Хамгийн их хоцрогдолд орсон нь бага ангийнхан. Үүнийг одоо ч нөхөж чадаагүй. Цахим сургалтыг хотын хүүхдүүдэд “тохиромжгүй” гэсэн бол малчныхад “хангалттай” гэж үзэх ёсгүй. Монгол хүүхэд бүр хаана амьдардгаас үл хамааран тэгш, чанартай боловсрол эзэмших эрхтэй” гэв. Цар тахлын үед сурагчдын боловсрол маш их хоцрогдсоныг хэн хүнгүй мэддэг. “Цагаан толгой”-н үсгээ ч бүрэн үзэж чадаагүй хөл хоригдсон хүүхдүүд өдгөө зөв бичиж чадахгүй, уншсанаа ч ойлгохгүй байгааг багш нар хэлдэг. Цахим хэлбэрт шилжүүлснээр хүүхэд бүр ижил түвшинд суралцаж чадаагүй гэсэн үг.
Ялангуяа малчид, үндэстний цөөнхийн хүүхдүүд хамгийн их хохирсон гэдэг. “Бүх нийтийн боловсролын төлөө” ТББ-аас хийсэн судалгаагаар цар тахлын үед дэд бүтцэд холбогдоогүй 178 мянга орчим хүүхэд ямар нэгэн байдлаар боловсролд хамрагдаагүй гэсэн дүн гарсан юм. Сурагчид боловсролын хоцрогдолд өртөөд зогсохгүй, нийгэм, сэтгэл зүйн асуудал тулгарч, хоол тэжээлээр дутагдаж, гэр орондоо, олон нийтийн газарт аюул эрсдэлд өртөж байсныг мартах ёсгүй. Тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 100 хувь танхимаар хичээллэх нь зүйтэй гэж байв. Гэтэл одоо малчдын хүүхдүүдийг болохоор цахимаар хичээллэ гэж байгаа нь боловсролын шинэчлэл биш, ухралт юм.

ГЭРЭЭ СОНГОХ УУ, ХИЧЭЭЛЭЭ СОНГОХ УУ
Манай улсад өнгөрсөн хичээлийн жилд нийт 195 500 малчин өрхийн 170 мянга орчим хүүхэд боловсролын бүх түвшний байгууллагад суралцжээ. Энэ нь нийт суралцагчийн 13.2 хувийг эзэлж буй. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 34 мянга гаруй хүүхэд амьдардаг аж. Тэгвэл дотуур байрыг хүүхдийн гэр шиг тухтай тохижуулж, аюулгүй байдал, хараа хяналтыг нь сайжруулан, тэнд ажилладаг багш нарын цалин хангамжийг нэмэх зэргээр шийдэх боломжтой атал хууль тогтоогчид үүнийг хүссэнгүй. Хамгийн хялбар бөгөөд хүний эрхийн мэдрэмжгүй “замаар” ийн зүтгүүлж байна.
Малчны хүүхэд гэр бүлтэйгээ амьдрах эрхтэй. Бусадтайгаа ижил боловсрол ч эзэмших эрхтэй. Үүнийг сонголт болгож хуульчлах хэтэрхий туйлширсан хэрэг. Хэнийг ч хохироохгүй шийдлийг төр бодлогоор бий болгох ёстойгоос биш, найман нас хүртэл нь цахимаар сур гээд хэн, хэзээ, яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй, ажиллах нөөц, судалгаагүйгээр “хүчээр” тулгаж болохгүй. Гэтэл бүр Өмнөговь, Дундговь аймгийн малчдын хүүхдийг “туршилтын туулай” болгохоор зэхэж буйгаа Боловсролын яамныхан дуулгасан юм. Олон улсад малчны хүүхдийг сургуульд хожуу оруулах замаар шийддэггүй байна. Харин явуулын багш, сургууль, улирлын сургалт, зэрэг уян хатан хөтөлбөр хэрэгжүүлдэг туршлага цөөнгүй. Тиймээс хүүхдэд ялгаатай байдлаар боловсрол эзэмшүүлнэ гэж муйхарлахын оронд эрх баригчид, УИХ-ын гишүүд толгойгоо ажиллуулбал яасан юм. Хамгийн “залхуу” аргаар боловсруулж, малчдын нэрээр түрээ барьж, “гарал үүсэл”-ээр нь гадуурхсан эл хуулийн төслийг дэмжиж, баталчихвал хэдэн арван жилийн дараах балгийг нь хэн үүрэх вэ.
БОЛОВСРОЛ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ ЗАРЧМЫГ ЗӨРЧИЖ БАЙНА
(Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид)
Хүүхдэдээ цахимаар хичээл заана гэдгийг дэмжихгүй. Зургаан настнуудыг эцэг, эх нь гэрээр сургах нь аав, ээжтэйгээ хамт, аюулгүй байх сайн талтай ч нийгэмших асуудал орхигдоно. Нэгдүгээр ангид элсэхийн тулд заавал цэцэрлэгт хамруулах ёстой гэж Боловсролын яамныхан шаардаж байгаа биз дээ. Тэгвэл яагаад цэцэрлэг ч биш, бүр сургуульд орох нас нь болчихсон хүүхдүүдийг найман настайд нь танхимаар сур гээд байгаа юм. Энэ нь хүний эрх, боловсрол тэгш, хүртээмжтэй байх зарчмыг зөрчиж буй үйлдэл. Ингэж туйлширч болохгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбарт гэнэтийн шийдвэр гаргаж, огцом эргэлт хийснээр хүүхдүүд л хохирдог. Жишээ нь, 1990-ээд онд хос бичигтэн болно гэж монгол бичиг рүү шилжсэнээр хөдөөний хүүхдүүд сургууль завсардаж, хохирсон шүү дээ. Иймд шинжлэх ухаанчаар хандаж, багийн сургууль, эсвэл, хоёр сар танхим, нэг сар цахимаар хичээллэх зэргээр уян хатан байдлаар зохицуулж болно. Мөн сургуулийн дотуур байрнуудыг хүүхэд хамгаалал, аюулгүй байдал хангасан стандартын дагуу тохижуулах, үүнд төсөв мөнгө хуваарилах шаардлагатай. Гаднах ариун цэврийн байгууламж нь гэрэлтүүлэггүй байх жишээтэй. Шөнө оройн цагаар бие засахад хүртэл айдастай байхад эцэг, эх нь хүүхдэдээ санаа зовох нь аргагүй шүү дээ. Төр хэн хэнийх нь эрхийг хөсөрдүүлэхгүй, шийдэх гарц хайх ёстой болохоос хялбараар нь эцэг, эх нь өөрөө сурга гээд орхиж болохгүй.
НАЙМАН НАСТАЙД НЬ СУРГУУЛЬД ОРУУЛАХ ШИЙДЭЛ БИШ
(“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан)
-Бага насны хүүхдээ дотуур байранд амьдруулж, гэр бүлийнхнээс нь холдуулах нь малчдын хувьд санаа зовоосон асуудал. Гэвч бүх малчин хүүхдээ найман настайд нь сургуульд оруулахыг хүсэж байна гэж дүгнэж болохгүй. Үндэс- ний хэмжээнд төлөөлөхүйц хараат бус судалгааг малчдын дунд хийх шаардлагатай. Манай байгууллага олон жил малчдын дуу хоолой болж, тулгамдсан асуудлыг нь бодлого боловсруулагчдад хүргэж ирсэн. Найман настайд нь сургуульд оруулах нь шийдэл биш. Харин малчдад зориулсан уян хатан, хүртээмжтэй, гэр бүлд ээлтэй боловсролын тогтолцоог бий болгох нь чухал юм. Тухайлбал, улирлын нүүдлийн онцлогийг харгалзан уян хатан байдлаар сургалтын хуваарьт өөрчлөлт оруулах, сургууль, дотуур байрны стандартыг хүүхдийн нас, хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх, төсөв, санхүүжилтийг нэмэх гэх мэт. Кени, Сомали зэрэг оронд багш нар нүүдэлчин малчдыг дагаж, сургалтаа явуулдаг. Түүнээс зөвхөн цахимаар сургая гэх хангалтгүй. Алслагдсан малчин өрхийн интернэт, цахилгаан төхөөрөмжийн хүртээмжийг эхлээд шийдэх шаардлагатай. Явуулын багш нар хаана, хэнийд, хэд хоног хичээл заах юм. Багийн төвд эмч ажиллуулж чадахгүй олон жил ярьсан шиг үлгэр болно.
ЯВУУЛЫН БАГШИЙН ОРОН ТОО БАЙХГҮЙ
(МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, доктор, профессор Г.Бямбацэрэн)
Боловсрол олгоно гэдэг зөвхөн хичээл заах биш, нийгэмшихүйн асуудал хамт яригддаг. Хүүхэд сургуульд сурснаар хамт олонтой болж, сууж сурч, дүрэм журамд захирагдан, хил хязгаараа ойлгож авдаг. Дэлхий нийтэд нийгэмшихүйн сэтгэл хөдлөлийн боловсролын талаар ярьж байна. Аливааг үйл хэргээрээ ойлгуулдаг, заадаг. Гэтэл малчдын хүүхдийг гэр, гэрт нь хэд гурваар нь сургахаар яаж нийгэмшиж, хүн болж төлөвших вэ. Үйл явц бол хамгийн чухал. Хүн насан туршдаа суралцах зүйлийнхээ 70 хувийг 5-6 насандаа эзэмшдэг гэж олон улсын судлаачид үздэг. Ид хөгжих боломжтой үед нь танхимаар сургах хэрэгтэй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол зүгээр л улс төрчдийн “попрол”. Манай улсад алслагдсан багт цахим хичээл орох нөхцөл, явуулын багш ажиллах нөөц байхгүй. Нэг ангид 40-50 хүүхэд сурч байгаа нөхцөлд багш хүрэлцээтэй мэтээр ярьж байна. Тэгвэл анги 25 хүүхэдтэй болчихвол дахиад л багшийн дутагдал үүснэ. Ийм байхад явуулын багш олдохгүй.