-“Новартис аксесс” хөтөлбөрийг хугацаанаас нь өмнө зогсоож, нийлүүлсэн нийт эмийн 10.5 хувийг устгажээ -
Сүүлийн үед эрх баригчид эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас ижил эх үүсвэрийн буюу нэг үйлдвэрээс чанартай эм хямд үнээр худалдан авч, ард иргэдээ “халамжлах” нэрээр даатгалын хэдэн арван тэрбум төгрөгөөр “тоглодог” болов. Үүний нэг тод жишээ нь “Новартис аксесс” хөтөлбөр юм. Таван жилийн турш хэрэгжүүлэх гэрээтэй уг хөтөлбөр үндсэн үүргээ ч гүйцэтгэлгүй аль эрт зогссоныг өдгөө мэдэх хүн нэг ч алга. Харин хөтөлбөр хэрэгжүүлэх явцад ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)- ынхан татвар төлөгчдийн 18 орчим тэрбум төгрөгийг “салхинд хийсгэсэн” болохыг бид олж мэдэн, үүнийгээ холбогдох баримтуудаар баталгаажуулан уншигчдадаа хүргэж байна.
“Новартис аксесс” хөтөлбөрийг анх 2022 оноос орон даяар эхлүүлэхдээ холбогдох албаныхан улсын хэмжээнд нэг эх үүсвэрийн эм нийлүүлснээр халдварт бус өвчнийг бууруулж чадна гэж сурталчилсан. Улмаар Монгол болон Швейцарын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй учраас эмийн чанар, аюулгүй байдалд нь ч баталгаа өгч байв. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд тус улсад төвтэй “Новартис глобал” эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрээс цусны даралт ихсэх, чихрийн шижин, хөхний хавдар, амьсгалын замын өвчний үед хэрэглэх 15 нэр, төрлийн багц эмийг ЭМДЕГ-ынхан тус бүрийг нь нэг ам.доллароор худалдан авах гэрээ байгуулж, 2022-2024 онд нийслэл болон 21 аймгийн эмийн сангаар иргэдэд үнэ төлбөргүй олгожээ. Тус газрынхан стратегийн шууд худалдан авагч болсны хувьд дээрх эмүүдийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлэн гэрээт эмийн сангуудаараа “тараасан” байгаа юм.
Тэгвэл “Новартис глобал” байгууллага нь бага болон дунд орлоготой орнуудын архаг, суурь өвчний эмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 2015 онд “Новартис аксесс” хөтөлбөрөө санаачлан, олон улсад хэрэгжүүлж эхэлжээ. Манайх үүнд нь нэгдсэн 12 дахь орон болсон юм. Ингэснээр жилд дунджаар Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн 10 орчим тэрбум төгрөгийг хэмнэх тооцооллыг тухайн үед гаргажээ. Харамсалтай нь, хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын дийлэнх хувийг эзэлдэг зүрх, судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын өвчлөлийг бууруулж, эндэгдлийг цөөлөхийн тулд иргэдэд үнэ төлбөргүй олгосон эмүүд нь хэрэглэгчдэд гологдож, хэмнэснээсээ ч ихийг алдчихаад буй аж.
ЭМДЕГ-ынхан гэрээний дагуу халдварт болон халдварт бус өвчний эмчилгээнд хэрэглэх дээрх нэр, төрлийн эмийг үйлдвэрийн үнээр нь буюу 30 хоногийн хэрэглээг нэг ам.доллароор “Новартис глобал”-аас импортолж, өвчтөнүүдэд “шахсан” боловч чанар нь маш муу, үйлчилгээ үзүүлэхгүй байна гэх шалтгаанаар иргэд хэрэглэхээ больжээ. Үүнээс болоод хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн нийт эмийн 10.5 хувийнх нь хугацаа дуусаж, устгасан гэдгийг тус газрын холбогдох эх сурвалж бидэнд хэлсэн юм. Харин хэчнээн төгрөгийн эм устгаснаа нууцалж байгаа бололтой, ам нээсэнгүй. Тэгвэл зарим эх сурвалж ЭМДЕГ-ынхныг багадаа 2-3, цаашлаад 5-6 тэрбум төгрөгийн эм устгасан гэх юм билээ.
С.ЭНХБОЛД САЙДЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ
Сайд, дарга нарын иргэдэд чанартай эм хүртээнэ гэсэн “зохиол”-оор баахан “гологдол бараа” авсан болж таарлаа. Цаашлаад төрийн эл харалган тогтолцоо, хяналтгүй худалдан авалтын хар гайгаар даатгалын өчнөөн тэрбум төгрөг хог дээр “хаягдчихаад” байхад өдий болтол хэн ч хариуцлага хүлээгээгүй нь хачирхалтай. “Новартис аксесс”-ийг бодлогоор дэмжиж, нэвтрүүлсэн ЭМЯ, хэрэгжүүлэгч ЭМДЕГ-ынхан энэ талаар бүр ганц ч үг ганхийхгүй байгаа нь сонин. Хөтөлбөрийн үр дүн, зогсоосон шалтгаан зэргээ ч олон нийтэд тайлбарлаж, тайлагнаагүй. Европын Холбооны хатуу зохицуулалттай оронд үйлдвэрлэсэн чанартай, хямд үнэтэй эмээр иргэдээ хангана гэчхээд хөтөлбөр хэрэгжүүлэх явцад эмийн нэр, төрөл нь ч зөрж, олширсон байна.
Тэгсэн мөртлөө ЭМЯ-ныхан ичих ч үгүй 2022 онд хэрэгжүүлсэн онцлох 10 ажлынхаа нэгээр “Новартис аксесс”-ийг нэрлэж, үүний хүрээнд зүрх, судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 нэр, төрлийн эмийг ЭМДС-гаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгосноо зарлаж байв. Хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үед хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тэрбээр 2022 оны хоёрдугаар сард А/120 дугаар тушаал гарган “Новартис”- ын 24 нэр, төрлийн эмд импортлох зөвшөөрөл олгосон байдаг. Гэтэл тухайн үеийн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Новартис глобал” байгууллагын эмийн үйлдвэрийн 16 нэр, төрлийн эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэсэн. Эдгээр нь эмийн хатуу зохицуулалттай Австри, Герман, Польш, Словени, Испани зэрэг зургаан орны нэр хүндтэй үйлдвэрийнх” гэж мэдэгдсэн нь хэвлэлийн хуудаснуудад бичигдэн үлджээ. Нийлүүлэх ёстой багц эмийн мэдээллүүд ийн 15, 16, 19, 24 гэхчлэн зөрүүтэй, Швейцарын “Новартис глобал”-аас бүгдийг нь худалдан авах гэрээ байгуулчхаад үйлдвэр нь мөн л “зүсээ хувилгаж”, өөр өөр орных болж таарав.
Манай төр засгийнхны энэ мэт “тоглоом”- оос залхсан уу, эсвэл хөтөлбөр нь үр дүнгээ өгөөгүй юү, ямартай ч “Новартис” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрууд үүдээ барьцгаажээ. Уг нь тэд Монгол Улс дахь маркетингаа хариуцаж, өөрсдийн үйлдвэрийн эмийн аюулгүй байдлыг хянадаг байсан аж. Харин гэрээт салбарууд нь өнгөрсөн он хүртэл үлдсэн эмүүдээ алдаг оног борлуулж байгаад татан буугдсан бололтой.
“Новартис аксесс”-ийн хүрээнд нийлүүлсэн эмийн чанарын талаарх болон бусад мэдээллийг улс орнууд компанийнх нь Хүртээмжийн хөтөлбөр хариуцсан албанд хандан авдаг байна. Одоогоор манай улс эдгээр мэдээллийг авсан, эсэх нь тодорхойгүй. Харин иргэд эмийн чанарт сэтгэл хангалуун бус, ганц, хоёрхон сар уугаад “Өнгө зүсгүй, чанаргүй, гаж нөлөө ихтэй тул дахин аваагүй”-гээ учирласан. Өрхийн эмч нар ч хөтөлбөрийн эмүүдийг “Ямар ч үйлчилгээгүй, ядуу буурай оронд өгдөг тусламжийн эм гэж хардахад хүрсэн. Хямд эм, хүртээмжтэй эмчилгээ хоёр ялгаатай ойлголт шүү дээ” гэсэн юм.
ЭМИЙН САНГУУД БОРЛУУЛАХААС ТАТГАЛЗСАН ХЭМЭЭН АРЬСАА ХАМГААЛАВ
“Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик үзүүлэлт-2024” эмхэтгэлд “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор “Новартис аксесс” эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 15 нэр, төрлийн 26 эмд ЭМДС-гаас 100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн” гэж тэмдэглэжээ. Гэхдээ санхүүжилтүүд нь бас л зөрүүтэй. Тиймээс энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад “2024 оны арванхоёрдугаар сарын 31-нээр хөтөлбөрийн гэрээг дуусгавар болгосон юм билээ. Гэхдээ 2025 оны хагас жил хүртэл гэрээт эмийн сангуудаар үлдэгдэл эмүүдийг олгосон. Гэрээний хүчинтэй гурван жилийн хугацаанд буюу 2022-2024 онд ЭМДС-гаас эмийн зардалд 11.6, олгох үйл явцад 6.3, нийт 17.9 тэрбум төгрөг зарцуулсан. Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол даатгалын сангаас ойролцоогоор 27 тэрбум төгрөг “гарах” байсан гэсэн тооцоо бий. “Новартис аксесс” нь иргэний эмд зарцуулах төлбөрийг бууруулах гол зорилготой. Тайлант хугацаанд ЭМДС есөн тэрбум төгрөгийн үр ашигтай ажилласан гэсэн судалгаа гарлаа. Хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн эмүүд нь Монгол Улсын зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй хямд үнэтэй, чанартай байсан хэдий ч эмийн сангууд ашиггүй гэж үзээд борлуулахаас татгалзсан. Ижил төрлийн эм борлуулдаг хувийн хэвшлийн өрсөлдөгч байгууллага ч цөөнгүй байлаа. Борлуулалтыг нэмэгдүүлэх талд бусад чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлээгүйгээс зарим эмийн хугацаа дуусаж, зохих журмын дагуу устгасан” хэмээн арьсаа хамгаалсан юм.
Тэгвэл “Хямд бараа чанаргүй, үнэгүй юм зөвхөн хулганын хавханд л байдгийг бодитоор харуулсан жишээ бол “Новартис аксесс” хөтөлбөр” хэмээн эм зүйн салбарын эрдэмтэн, судлаачид шүүмжилж буйг юу гэх вэ. Тэд “Эмийн чанарыг үнэлдэг нэг үзүүлэлт нь тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, эмчилгээнд хэрэглэсний дараа тухайлбал, шахмал болон капсул эмийн биоэквивалентыг заавал судлах шаардлагатай. Тэрхүү эмийг уусан хэрэглэгчийн цусны сийвэнд хэдэн минутын дараа үйлчлэгч бодисынх нь хэчнээн хувь орж байгааг тодорхойлдог үзүүлэлтийг биоэквивалент чанар гэдэг. Мөн эмийн чанарыг тодорхойлдог өөр нэгэн үзүүлэлт нь эмчилгээний идэвх. Жишээ нь, цусны даралтын эсрэг эмийг өвчтөн ууснаас хойш хэчнээн минутын дараа даралт нь буурч, түүнийгээ хэр хугацаанд хадгалах, эсэх нь эмчилгээний идэвхтэй нь холбоотой. Харамсалтай нь, манайх шинээр бүртгэсэн эмийнхээ чанарын судалгааг тэрбүр хийдэггүй, лабораторийн хүчин чадал муугаас түүхий эдийг нь шинжлэх, цаашлаад аюулгүй байдлыг нь ч үнэлж чадахгүй байна. Тиймээс л иргэд өөрсдөө ууж үзэж, биеэрээ бараг туршиж байж энэ нь муу, тэр нь сайн гэдгийг мэдэж буй юм шүү дээ. Уг нь эмийн чанарыг итгэмжлэгдсэн лабораторид, эмчилгээний практикт тодорхойлох ёстой. Аль нэгэн ашиг сонирхлын бүлгийнхний “чанартай” гэсний зоргоор биш” гэв.
Хөтөлбөрийн эмүүд нь ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан гэдэг. Тэгвэл тус байгууллагынхан үүндээ ядуу буурай болон хөгжиж буй орны иргэдийн хэрэглэвэл зохих 200-300 нэр, төрлийн эмийг л санал болгодог байна. Харин улс орнууд хүн амын өвчлөл, эдийн засгийн чадавх зэрэгтээ тулгуурлан дотоодынхоо жагсаалтыг баталдаг юм билээ. Тэгэхээр ДЭМБ-ын жагсаалтад багтсан л бол сайн, чанартай гэсэн үг биш нь эндээс харагдана. Харин манай сайд, дарга нар хөтөлбөрт багтсан эмүүдийн чанарыг судалж, шинжлэх оролдлого огт хийгээгүй хэрнээ аюулгүй байдалд нь аман “баталгаа” өгсөөр ирсэн юм.
ТӨЛСӨН ТАТВАР БҮРИЙНХЭЭ ЗАРЦУУЛАЛТЫГ ИРГЭД МЭДЭХ ЭРХТЭЙ
УИХ-ын гишүүн Д.Ганмаа дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг хайгаад олохгүй байгаа талаараа өөрийн цахим хуудсандаа саяхан бичсэн байв. Тэрбээр “Монгол Улс эмийн худалдан авалтыг стратегийн хэлбэрт шилжүүлэх гэж оролдож буйн нэг жишээ нь “Новартис аксесс” юм. Гэтэл хөтөлбөрийн үр нөлөөний талаарх судалгаа, нотолгоо хаана ч алга. Энэ талаар мэдээлэл хуваалцах хувь хүн, байгууллагатай хамтарч ажиллана” гэжээ. Мэдээлэлд хамгийн ойр ажилладаг төрийн өндөр албан тушаалтанд хүртэл энэ талаарх баримт материал олдохгүй байгаа нь хачирхалтай. Ямартай ч ингээд ч болов анхаарч эхэлсэн нь сайн хэрэг.
“Новартис глобал”-ын албан ёсны цахим хуудас болон гадаадын эрүүл мэндийн томоохон сайтуудаас дээрх хөтөлбөрийг улс орнуудад хэрхэн хэрэгжүүлсэн түүх, үр дүнгийн талаар зарим мэдээлэл олдов. Хөтөлбөрт нэгдсэн анхны улс нь Кени аж. Үр дүнг нь Бостоны их сургуулийн судлаачдын баг эрүүл мэндийн 137 байгууллага, 600 гаруй өвчтөнийг хамруулан хараат бусаар судалжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээс 15 сарын дараа ганц, хоёр эмийн хүртээмж нэмэгдсэн ч нийт багц нь иргэдэд эмчилгээний ашиг тус төдийлөн үзүүлээгүй, дорвитой үр дүн гараагүй байна. Цаашлаад эмийн үнэ ч мэдэгдэхүйц буураагүй гэжээ. Эмийг бөөний үнээр, хэт их хэмжээгээр оруулж ирснээр өвчтөнд хүрэх хүртээмжийг автоматаар нэмдэггүй болохыг судалгааны дүгнэлт харуулсан аж. Хамгийн чухал зүйл нь чанар гэдгийг мөн тодотгосон байв.
Кенийн дараа Этиоп, Вьетнам, Руанда, Ливан зэрэг улс нэгджээ. Эл тоог 30-д хүргэх зорилт тавьснаа ч “Новартис глобал”-аас зарласан байна. Хатуухан хэлэхэд, ядуу буурай орны иргэд рүү чиглэсэн эмийн нэг монопол компанийн шахааны бизнесийг л бид цэцэглүүлж, дэвэргэсэн бололтой дог. Тооцоо судалгаагүй эхлүүлсэн бас нэгэн бүтэлгүй хөтөлбөрийн балгийг иргэд, даатгуулагчид чимээгүйхэн үүрсэн гэсэн үг.
Эрүүл мэндийн салбарын төсөв жил бүр хүрэлцэхгүй, ЭМДС нь эмийн сан, эмнэлгүүдээ санхүүжүүлж ч хүчрэхээ больсон атал эрх баригчид нь нөгөө талд даатгалын мөнгийг ийн баруун, солгойгүй “цацсаар”, үр ашиггүй зарцуулсаар л байг уу. Үнэ нь тэнгэрт хадсан тул иргэд уудаг эмээ ч авч чадахгүй байхад ЭМДЕГынхан даатгуулагчдын мөнгөөр оруулж ирснийгээ хээвнэг устгаад, түүнийгээ нуугаад сууж байх ч гэж дээ. Төрийн худалдан авалтын үр ашгийг, төлсөн төгрөг бүрийнхээ зарцуулалтыг иргэд, даатгуулагчид мэдэх эрхтэй. Тиймээс ЭМЯ, ЭМДЕГ-ынхан хөтөлбөртэй холбоотой бүх мэдээллээ ил тод болгож, яагаад зогсоосон шалтгаанаа, устгасан эмийнхээ санхүүжилтийг тайлагнахыг иргэд шаардаж байна.