Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн есдүгээр сард зохион байгуулахыг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг өчигдөр эхлүүллээ. Энэ сарын 27-ныг хүртэл эл аян үргэлжлэх бөгөөд олон улс “Safe care for life” буюу “Насан туршийн аюулгүй тусламж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Үүний хүрээнд хүүхдэд эм уулгахад анхаарах зүйлсийн талаар эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөгөө хүргэв. Тодруулбал, хүүхдэд эмөгөхдөө нас, жин, өвчний явц болон эмийн онцлогийг харгалзан үзэх ёстой. Насанд хүрсэн хүний уух эмийг хүүхдэд дур мэдэн хувааж, таллаж өгч болохгүй. Эмийн хүчинтэй хугацаа болон үйлдвэрлэгчийн зааврын дагуу хадгалахыг анхааруулав. Мөн чихэр, ундаа, хоолтой хольж өгөхгүй, жоргүй антибиотик дур мэдэн хэрэглүүлэхгүй байх, шингэн эмийг зориулалтын хэмжээст халбага, аяга, эсвэл тариур ашиглаж хэвшихийг санууллаа. Хүүхдэд эм уулгасны дараа тууралт гарах, нүүр, уруул хавдах, амьсгал давчдах, бөөлжих зэрэг шинж илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөсөн юм.