Урин дулааны улирал дуусахад цөөн хоног үлдсэн энэ үед нийслэл хотноо толилуулах задгай талбайн зарим тоглолтын талаар мэдээлэл хүргэе.
ICE TOP”-ЫНХОН ХОП ЕРТӨНЦИЙН ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ХЭМНЭЛИЙГ ӨНӨӨДӨР МЭДРҮҮЛНЭ
Монголын хип хопын анхдагч “Ice top” хамтлагийнхан “Шүтээн минь” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа өнөөдөр олны хүртээл болгох нь. Энэхүү тоглолтод урилгаар Америкийн алдарт ONYX хамтлаг оролцохоороо онцлогтой юм байна. Мөн реппер Tsetse буюу Н.Цэцэнбилэг, Desant Г.Батболд болон “Digital” хамтлагийнхан олон жилийн түүхтэй, сэтгэлд хоногшсон бүтээлүүдээ энэ өдөр эгшиглүүлэх юм. Тус хамтлагийнхан “Шүтээн минь” тоглолтод “Энэ миний хайр”-аас эхлээд “Үргэлж хамтдаа” хүртэл хайр, харуусал, нөхөрлөлийн тухай өгүүлэх хит бүтээлүүдээ толилуулахаар бэлджээ. Тоглолтын тасалбарыг үзвэрийн байршлаас шалтгаалаад 108-500 мянган төгрөгөөр борлуулж байна.
“SOCIALPAY” ПАРКТ ЭНЭ САРЫН 16-НД “THE ONE” ТОГЛОЛТТОЙ
Хайрын дууны “магнат” “Люмино” хамтлагийнхан “Socialpay” паркт энэ сарын 16-нд “The one” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоно. Эл тоглолт нь зочин уран бүтээлчгүй бөгөөд үе үеийн хит дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний амьд тоглолт гэдгээрээ онцлогтой юм байна. Уг тоглолтод “Бүтэлгүй хайр”, “Намайг дагаад цэнгэ”, “Хүнийх”, “Гэрэлт хорвоод” тэргүүтэй үзэгч, сонсогчдын зүрхэнд хоногшсон 45 бүтээлийг толилуулах аж. Эл тоглолтын тасалбарыг 99-500 мянган төгрөгөөр борлуулж буй.
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Т.АРИУНАА ЗУУНЫ ХИТ БҮТЭЭЛҮҮДЭЭ ЭГШИГЛҮҮЛЭХ НЬ
40 жилийн турш урлагийн тайзнаа дүрэлзэн ассан Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа энэ сарын 23-нд фенүүддээ бэлэг барина. Тэрбээр олны сонорыг мялаасан 200 гаруй бүтээлээсээ хит 30-ыг нь шилж, энэ өдөр эгшиглүүлэх аж. Тухайлбал, “Шөнө дундын бүжиг”, “Нандин учрал”, “Санааны чимээ”, “Чи минь” тэргүүтэй зуун дамнасан хит уран бүтээлүүдээ толилуулна. Энэхүү тоглолтын тасалбар эгнээ, байршлаасаа шалтгаалаад 79- 500 мянган төгрөгийн үнэтэй. Рок поп урлагийн тайзнаа 40 жилийн турш гялалзсан тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 13 тоглолт олны хүртээл болгосноос хоёрыг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байж. Т.Ариунаа тухайн үед хоёр үдэш дараалан стадионыг дүүргэж, Монголын дээд амжилтыг эвдсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон юм.
“LAND OF THE SKY” ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ХАМГИЙН ТОМ ТОГЛОЛТОД СААТААРАЙ
Үндэсний урлагийн их театр (ҮУИТ)- ынхан гадаад, дотоодын жуулчдад зориулсан “Land of the sky” тоглолтоо өдөр бүр 18.00 цагт толилуулж байна. Зохион байгуулагчид “Үндэсний урлагийн энэ зуны хамгийн том тоглолт болж буй тул үзэгч таныг цаг хугацаа, соёлын хил хязгаарыг давсан дэлхийд хосгүй, энэхүү аялалдаа урьж байна. “Land of the sky” түүх, соёл, уламжлалыг өргөн хүрээнд хамгийн тансаг, хамгийн өвөрмөцөөр харуулсан жуулчны тоглолт гэдгээрээ онцлогтой. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан төрлүүд болон монголчуудын ахуй амьдралыг өгүүлэх ардын аман зохиол, байгаль хүмүүний гүн холбоог шингээсэн хөгжим, бүжиг, уртын дуу, нүүдэлчдийн соёлын үнэт өвийг амьд урлагийн тайзан дээрээс нүдээр үзэж, сэтгэлээрээ мэдрээрэй” гэсэн юм. Наймаас дээш насныханд зориулсан тус тоглолтын тасалбарын үнэ 40-120 мянган төгрөг гэнэ. Билетийг ticket.mn, театрын кассаар борлуулж буй аж.
К ПОП ОДОД МОНГОЛД
БНСУ-ын алдарт, охидын “T-ara” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа “Re/verse” тоглолтоо ирэх сарын 12-нд монгол фенүүддээ толилуулах гэнэ. Z үеийнхний шүтээн гэгддэг тус хамтлагийнхан “Roly poly”, “Day by day”, “Cry cry” зэрэг цөөнгүй шилдэг уран бүтээлээрээ энэ өдөр фенүүддээ бэлэг барих аж. Энэхүү тоглолтын тасалбар 100-800 мянган төгрөгийн үнэтэй. Эргэн сануулахад, тэд Монголд 2012 онд тоглолтоо хийснийхээ дараа манай орны говьд “Number nine” дууныхаа клипний зураг авалтыг хийсэн байдаг.




