Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Баастын тэртээ 1969 онд бичиж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн “Хангайн бор” туужаас сэдэвлэсэн ижил нэртэй уран сайхны кино бүтээхээр болжээ. Киноны зохиолыг Холливудын нэрт зохиолч Жон Фуско, хүү Жиованни Фускогийн хамт бичиж эхэлснээ албан ёсоор зарлав.
Уг бүтээл нь хүн, амьтан, байгалийн хүйн холбоог нүүдэлчдийн гүн гүнзгий философи, ертөнцийг үзэх үзлээр дамжуулан өгүүлдгээрээ онцлогтой. Төслийг санаачлагч, продюсероор Соёлын элч, жүжигчин А.Баярцэцэг ажиллаж буй бөгөөд тэрбээр “Жон Фускогийн оролцоо нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд шинэ өнгө төрхөөр таниулах, нүүдэлчдийн өв соёлыг дэлхийн хэмжээний сонгодог бүтээл болгон гаргахад чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Зохиолч Жон Фуско нь Дорно, Өрнийн түүхийг холбосон туульсын бүтээлүүдээрээ дэлхийд алдартай. Тэрбээр “Netflix”-ийн “Марко Поло” цувралыг санаачлан ерөнхий продюсероор нь ажилласнаас гадна “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн “Spirit” хүүхэлдэйн кино, “Hidalgo”, “Young Guns”, Жет Ли, Жеки Чан нарын тоглосон “Хориотой хаант улс” зэрэг олон шилдэг бүтээлийг туурвисан туршлагатай юм.
Жон Фуско Америк гаралтай хэдий ч Азийн түүх, соёл, тэр дундаа Монголын түүхийг гүнзгий судалдаг бөгөөд нүүдэлчин ахуйд ойр амьдардаг нэгэн. Түүнтэй хамтран зохиол бичиж буй Жиованни Фуско нь Нью-Йоркийн их сургуулийн “Tisch” кино урлагийн сургуулийг зохиолч мэргэжлээр төгссөн аж. Аав, хүү хоёр саяхан Арабын домогт цэргийн командлагч Халид аль-Валидын тухай “Хугаршгүй сэлэм” түүхэн туульсын зохиолд хамтран ажиллажээ.
У.Цэцэг