Энэ удаагийн “Уран зохиол” буландаа зохиолч С.Пүрэвсүрэнг онцолж байна. Тэрбээр “Хавт Хасар”, “Хөх шуурга”, “Зардас” тэргүүтэй роман, “Өвгөдийн цадиг”, “Хүн уулын нөмөр” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлжээ. Түүний “Ар хөвчийн хамбагар” өгүүллэгийг толилуулж байна.
Дамба өвгөний Наранжаргал, Эрдэнэтээл, ганган Сувдаа гурав нэг ангид тохой нийлүүлэн суусан, завсар зайгаар нь салхи үл нэвтрэх хар багын найзууд байлаа. Хүүхэд л болсон хойно маргаж мэтгэх, гомдож туних, сайдах муудах нь олон ч ялалтын туг Сувдын нулимс мэлтгэнэсэн алаг нүдний харцанд залаатай байдаг болохоор Наранжаргал, Эрдэнэтээл хоёр эрхий хуруугаа гозойлгон, урт улаан хэл унжуулан өвдөг сөхөрч, үг сүггүй бууж өгнө.
Хэрэлдэхдээ хэрэлдэж, хэн нэгнийг шоолж инээн, хошуу холбон хөхрөлдөж явсаар ахлах ангид дэвшин суралцав. Наранжаргал, Эрдэнэтээл хоёрын дуу бүдүүрч, нимгэн уруулынх нь дээгүүр зөөлөн хар үс урган харц ширүүн, үг хэл хурц, идэрмэг эрийн шинж төрх тодорч ирэв. Гэтэл салаа хар гэзгээ савчин гүйдэг ганган Сувдын харц зөөлөрч, мөр, ташаа, өгзөг тэргүүтэн, хөвгүүдийн харц халтичуулсан хоёр хөөрхөн мөөм нь бумбайж, бүсгүй хүний намба сууж байгааг гурван найз анзаарахгүй мэт харагдавч, хар аяндаа бие биеэсээ дөлж, хаа нэг харц тулгарахад нүүр улсхийх болсон байв.
-Манай нутгийн хамгийн сайхан бүсгүй бол Пэрэнлэй ахын гэргий хэмээн ам уралдан ярьдаг хоёр бандийн үг цөөрч, хөөрхөн Сувдаагаа хүлээж зогсохдоо мөргөлдөх гэж байгаа гунан бухын ааш авир гарган хөндөлдөж, хэн нь түрүүлж эр хүний буурь заан Сувдын сэтгэлийг хөндөхөө үзэх нууцхан аархалд автах болов. Хоорондоо өрсөлдөх, үггүй тулаанд хүч үзэн буйгаа Сувдад мэдэгдэхгүйг хичээн, илтэд нударга зөрүүлсэн удаагүй. Харин өөр хэн нэгэн Сувдыг шохоорхон хойгуур, урдуур нь гүйвэл, харц харцаараа учраа олон ухасхийж, өө хайн өдөж байгаад элбэж нийлэн гөвшчихөөс сийхгүй. Ийнхүү баяр хөөр уйтгар гуниг, хор шар буцалсан хүүхэд насны жаргалтай он жилүүд жигүүр дэлгэн нисэж, арван найман насны гэрэлт ирээдүйн хөг аялгуу зүрхэн дундуур нь уянга нэмэн, их амьдралын замд хүргэв.
Цэргийн зарлан дуудах хуудас өвөртөлсөн хүүгээ дагуулан айл хунараар бууж мордон яваа Дамба өвгөн:
-За миний хүү олон аавын хүүхдүүдтэй эв найртай яваарай. Цэргийн Жаа гэдэг чинь жавхаатай аавын хүү байдаг юм. Шинэ цэргүүдийг хөлөө жийрэглэхээс эхлээд хоолоо идэхийг хүртэл заана. Ээ дээ Жаатай сөргөлдвөл нойргүй гэж үгтэй юм. Аав нь жинхэнэ Жаа явлаа шүү дээ. Ангийн захирагч атаархам жавхаатай аавын хүү байлаа гэж яриад, цээж ханхалзан явсаар цэргийн албанд мордуулав.
Харин хар багын сурлага сайтай Эрдэнэтээл хүү малын эмч болох хүсэл мөрөөдөлд автан, их хотын зүг шуудангийн машины тэвшин дээр суугаад явж одоход ганган Сувд нулимс унаган уйлсаар хөдөө гэртээ харив. Эцэг нь ороо морь хөөж, уурга даялан давхиж яваад ганга эрэг рүү нисэн шилбэний ясаа ташраар нь хугалж, хэдэн сар ёолж хэвтэх тул ээждээ хань болох үүрэг хүлээн Сувд ангийн хоёр найзаасаа захидал хүлээн гэгэлзэж суудаг байлаа.
Эр цэргийн албаа хил дээр өнгөрөөж, эцгийнхээ бахдан ярих дуртай жагсаалын дарга буюу хийморьлог Жаа гэсэн алдар хүндийг сэвтээлгүй, нүүр бардам халагдаж ирсэн Наранжаргал аавдаа үнсүүлж, ээждээ эрхэлж ганц хоёрхон хоноод, сэтгэл зүрхний хайлан хөөрхөн Сувдтайгаа уулзахаар жолоо таталгүй давхиж хүрэв. Ижийнх нь гараа гарган урласан саарал даавуун дээл багадахыг харсан эцэг нь хүүгээрээ бахдан, наадамд өмсдөг хүрэн хамбан дээлээ гаргаж,
-Миний хүү өмсөөд үз. Аав нь аймгийн наадамд тав давахдаа өмсөж байлаа. Арай ч тоодондохгүй болов уу гэж гэргий өөдөө бах ханасан харцаар маасайн инээсээр нүд ирмэж байлаа.
Нар салхинд түлэгдсэн хүдэр өргөн цээжинд нь багадасхийн таарсан хүрэн хамбан дээл өмсөж, өргөн бүс бүсэлсэн Наранжаргалыг уяан дээр тосож гүйж ирсэн ганган Сувд инээмсэглэн гар барихдаа ялимгүй гэрэвшингүй мишилзэж байв.
Суга таягтай өвгөнд гар дэлгэн золгоход бахдангуй хараад:
-Энэ улаан сухайг хараач гэм. Хөвчийн хүрэн хамбагар буугаад ирж хэмээн андуурагдам болжээ. Энэ зуны наадам үзүүштэй болох нь дээ. Эцэг биеэрээ шүү гээд хөөрөг даалингаа гарган хөл болон угтав. Гэтэл хөөрхөн Сувдын харцанд би эзэнтэй болсон шүү гэсэн нууцхан оч асаж унтарч байх шиг санагдаж, зүрхэн чанадаас нэгэн их гуниг сул асгараад байв. Үнэхээр Наранжаргалын хөх зөн алдсангүй. Гүүн зэлэн дээр унага татах далимаар цоо ширтэн харж:
-Би чамайг их л мөрөөдөж явлаа. Гэтэл чамаас захиа занаа ирэхээ больчихсон гэхэд чив чимээгүй гүү сааж суухдаа их уртаар санаа алдсан Сувд:
-Уучлаарай, Нараа минь. Эрдэнэтээл бид хоёр үерхэж байгаа. Хойтон хавар сургуулиа төгсөж ирээд надтай хуримлана гэсэн. Хүлээж байгаарай гэж захиж хэлээд явсан даа. Аав ээж нь ч манайхаар ирж очин, аавтай минь бодол санаагаа сүлжсэн гээд дахиад л санаа алдав.
Энэ өдрөөс хойш таван жил харвасан сум шиг өнгөрсөн байлаа. Ганган Сувд Эрдэнэтээлийг хүлээж, Наранжаргал Сувдаагаа эргүүлдэж найр үймүүлж, наадам хэсэж хэдэн жил өнжив.
-Чиний тэр муу Тээл чинь ирэхээсээ өнгөрсөн дөө. Хоёулаа амьдралаа бодъё. Аав ээж хоёр ч үглээд суулгахаа байлаа гэж Наранжаргал хэлээд царайчлангуй харахад Сувд алсын уулын толгой ширтэн шуухиртал санаа алдаад,
-Би Эрдэнэтээлийг хүлээнэ ээ гэсэн ганц л үг хэлнэ. Уурлаж бухимдсан Наранжаргал хор шар нь буцлан,
-Би тэгвэл нөгөө ангийн Чимгээг авч сууна. Чавганц болчхоод ганцаараа долийж суух үед чинь ач зээгээ чамаар харуулж, хань бараатай амьдруулна гэж хэлээд нулимстай нь хутгаж орхиод давхиж одно.
Бууж мордсон хүнээс наадмын сураг сонсохоор “Дамбын Нараа үзүүрт үлдээд, аархаж байгаад тэнгэр харж, наадмын түрүүгээ гаднын бөхөд алдав” гэсэн үг ёс юм шиг дуулдана. Энэ үгийг сонссон аав нь “Ээ хайран хүүхэд. Онгирч аархаж яваад л өвдөг шороодоо байлгүй. Дамба заан ч гэсэн аархуу зангаасаа болж хэдэн түрүү алдсан юм даг. Удам бүү алд” гэж хэлээд наг наг инээж суудаг байлаа.
-Тэр гуайн хүүгийн найр сайхан боллоо. Дамбын Нараа уртын дуугаар эхлүүлж, тэр тэрнийг нэгийг нь нэгээр гуядаж, найр тараалаа гэсэн сураг намаржин сонсогдсоор анхны цас орох үеэр гандсан дээлтэй гундсан харцтай давхиж ирнэ.
-Чи нөгөө Чимгээгээ эрхлүүлж байгаад ирэв үү. Яаж нэг юм гарч ирэв дээ гээд тоглоом тохуу хийн инээхэд,
-Би Чимгээг авч суухгүй ээ. Эрдэнэтээлийг чамтай хамт хүлээнэ гэж хэлчхээд намрын өтгөн шаргал айраг хэдэн хулыг залгилчхаад мордоно.
-Энэ нээрэн Чимгээтэй суучхаасай даа. Хоёр дагавар хүүхэд нь тусад орчихсон. Чимгээ лав царай зүсээр гологдохгүй дээ гэж сэмхэн бодохоор өөрөө ч мэдэлгүй нэг их гунигт автах бөгөөд аавынх нь хэлдгээр “Хөвчийн хүрэн хамбагар”-ыг өөр бүсгүйгээс харамлаад байх шиг санагдана.
Нэг удаа малын бэлчээрт Чимгээтэй уулзаад хүүхэд насаа дурссан ярианы завсар хав чуулж,
-Чи минь Дамбын Нарааг тушчихаач. Танайхаар бууж мордоод явдаг гэж олны салхинаас сонссон гэхэд гунигтай бор нүдээр ширтэн, шилбүүрийн үзүүрээр газар зурж сууснаа,
-Наранжаргал намайг яаж тоох вэ дээ хө. Уулын оргилын хүрэн бүргэд болжморын үүрэнд өндөглөдөггүй юм. Тэр бол тэнгэрт үүрээ засах хан хурмастын хүрэн бүргэд шүү дээ” гэж хэлээд,
-Чи харин эргэж ирэхгүй Эрдэнэтээлийг хүлээж суухаар Наранжаргалтай хуримаа хийгээч. Цаадах чинь чамд хайртай гээд халамцуухан уйлж байна билээ гэхэд Сувдаад хэлэх үг олдсонгүй.
Хэдэн жил хөлийнхөө өвчинд шаналсан аав нь хөгшнөө дагуулан сумын төв явсан хойгуур нь аавдаа наадмын дээл эсгээд бодолд автан гуниглаж суусан Наранжаргалын чихэнд
-Нохой хорио гэсэн өвгөжөөр хүний дуу сонсогдов. Уяан дээр бууж байгаа жийтгар харцтай өвгөнийг харсан Сувд
-Нохой зуухгүй ээ гэсээр дөхөж оч лоо.
-За миний охин сайхан зусаж байна уу. Аав ижий хоёр нь хаашаа явчихаа вэ гэж давхцуулан асуугаад, хултай айраг уух зуур
-Манай гэрээ мартсан Гэсэр, малаа мартсан Магсар энэ наадмаар ирэх гэнэ ээ. Явуулын хүнээр захиа дайлгасан байна. Хамгийн тү рүүнд чамд дуулгах гэж яарч мордлоо л доо гээд хөлсөө арчин суув.
-Өө, Эрдэнэтээл маань хүрээд ирэх нь ээ гээд инээд алдан боссон Сувд гал дээрх тогоондоо хувинтай зөөхийнөөс хийж, шаргал ээзгийтэй хайлмаг хайлан таваглаж, өвгөний урд тавив.
Хав халуун хайлмаг халбагадан үмхсэн өвгөн халуун цайнаас ганц аяга ууч хаад босохдоо
-За би эртхэн мордож, хэдэн адуугаа ойртуулъя. Сүүлийн хоёр жил унага уяагүй. Хүүгээ ирэхэд уух айрагтай суухгүй бол горьгүй. Танайхаас маргааш айрагны хөрөнгө зална аа гэсээр мордов. Олон жил хүүгээ хүлээсэн өвгөний сэтгэлд жигүүр ургасан мэт давхиж одохыг харсан Сувд:
-Хөөрхий дөө, баярлаж хөөрөөд сүйд болж явна хэмээн бодоод аавдаа эсгэсэн торгоо далд хийгээд, авдар дээрх толиндоо нүүрээ харан жуумалзаж, нүд хөмсгөө солбин аальгүйтэж дуу аялан хэсэг суув.
Цэцэг дэлгэрсэн зуны цэнгэлтэйхэн өдрүүд жирэлзэн өнгөрсөөр наадам хаяанд ирэв. Сэтгэлийн зул амрагаа хүлээж буй хүнд Наранжаргалыг дурсан санах зай байсангүй. Эрдэнэтээлийгээ даган наадамд явахдаа өмсөх дээл, зангидах алчуураа зэхэн гаравч оровч инээд алдан гүйж байлаа.
-Энэ хүүхний хөл хөнгөрөөд нисэх нь халаг байна. Журав Доржийн хүү ирэх сурагтай. Голын урд Журав Дорж, голын ард манай хүүхэн хоёр л шөнөд нойргүй, өдөрт суудалгүй гэгэлзээд байгаа бололтой гээд хүд хүд инээхэд,
-Иш, энэ олон жил тэр хархүү гоонь ганцаараа тэнэж яваагүй байлгүй. Хүүхэн дагуулаад ирэх вий дээ гэж хөгшин нь хэлээд санаа зовонгуй инээвхийлэв.
-За хаанаас даа. Журав Дорж хэрэг болгон ирж дуулгана аа гэдэг чинь хүү эцэгтээ хэлсэн л байж таарна даа гэхэд хөгшин нь дуугарсангүй.
Наадамд зодоглох бөхчүүд хэд гурваараа нийлж, голын тохой, уулын аманд ноцолдож өнжихөд ганцхан Наранжаргал начин үзэгдэхгүй байлаа. Гэрийн хоймор гараа дэрлэн хэвтэх хүүгээ харж арга барагдсан Дамба заан уурсан хилэгнэж,
-Наадам хаяанд ирчхээд байхад зодог тайлсан харимал бөх шиг айраг гүзээлээд хэвтэх юм гэж зандарч,
-Амрагаа хүлээсэн айлын хүүхэн царай чилж, урд хормойгоо өшигчиж явахад наадмын од нь хаяхгүй хаачих вэ дээ гээд бухимдаж байлаа.
Дэл сүүлийг нь боосон морьд хөтөлсөн уяач нар тал талаасаа цуглаж, наадмын ногоон дэнж тойрон алаг эрээн асар майхан салхинд дэрвэж, алтан тууртын тоосон дэлхий бууралтсан наадмын урд өдөр Журав Доржийн хүү Эрдэнэтээл эхнэр хүүхдээ дагуулан их хотоос давхиж ирсэн байлаа. Хэл сураггүй таван жил алга болсон хүү нь хот газрын ганган шаавай хүүхэн дагуулан, өлгийтэй хүү тэврэн ирэхэд Журав Доржийн хот айл хөл хөөрт автаж, найр наадмын уухай гол ус цалгитал бужигнаж байлаа. Хүүгээ дагуулан гүүн зэл өөд алхсан Журав Дорж зэмлэнгүй харж,
-Чи чинь нөгөө муу Сувд охиныг хэдэн жил хүлээлгэж буйдаа санаа чинь зовж байв уу.
Хүний хүүхэнд амьдралаа бодоорой гээд холын хүнээр үг дайлгачих ухаан алга уу. Одоо яаж эцгийнх нь царайг харна даа гэхэд
-Аав минь сунайсан таван жил шүү дээ. Хорь гаранхан насны дэврүүн зан, гэнэн итгэмтгий ааш олон жилийн сунгаанд хуучраа байлгүй дээ. Хэл сураггүй намайг хүлээгээд сууж байна гэж ч юу байх вэ гэхэд хүүгээ алгадаад авмаар санагдаж байлаа.
Журав Доржийн хүү Эрдэнэтээл эхнэр хүүхдээ дагуулаад нутагтаа ирж гэнэ ээ. Том албаны дарга болсон гэнэ. Харь гүрэнд баян тарган амьдардаг гэнэ шүү гэсэн үг наадамч дын ам дамжин хүүгэж байлаа. Даанч дээ гэсэн ганцхан бодолд шалба норсон хөөрхөн Сувд ижий аавтайгаа ч үг хэлцэхгүй голын тохойн бургас дунд урсгал ус ширтэн сууж байлаа. Нойтон ширгэн дээр хоёр өвдгөө тэврэн суучихаад амьгүй мэт гөлийсөн нүдээр гол ширтэж буй Сувдыг аргадахаар очсон ээж нь аргаа барсандаа нулимсаа арчин буцав.
Гэтэл нар шингэхээс өмнөхөн унаж яваа морьтой нь ялгахын аргагүй ижилхэн зүсмийн цолмон цоохор морь хөтөлсөн Дамбын Нараа давхиж ирээд,
-Гөлийсөн хүүрийн сууж байгааг хараад байгаарай гэж тас тас инээж
-Наадмын гоёлоо өмс. Хоёулаа мордоно оо. Чамд аймгийн заан найзаа танилцуулдаг хэрэг. Энэ сумын дэвжээг эзэгнэх л гэж ногт ганзагалж ирсэн давилуухан эр бий дээ хө. Манай нөгөө ангийн Чимгээгээс эхлээд энэ сумын хүүхнүүд хөгшин, залуугүй унаж үхэж байна гэнэ. Миний хөөрхөн Сувд тэдний урдуур очер дайрч ороод бухан хүзүүн дээр морд чих гээд тас тас инээв.
-Энэ сумын дэнж дээр галзуу Нараа гэж өлсгөлөн араатан байгааг мэддэггүй заан уу гээд нулимсаа арчин харахад хээ шаагүй инээд алдсан Наранжаргал:
-Ижилгүй ээ ижилгүй. Хөвчийн хүрэн л гэсэн үг гээд инээд алдав.
-Хөвчийн хүрэн хамбагар гэдэг чинь чи бус уу гэсэн Сувдын нулимс гүйлгэнэсэн нүдийг харж үл чадан голын урсгал өөд жижиг чулуу няслан
-Би яах вэ. Ёсыг бодон гарна. За тэгээд энэ сумын бяр нь боосон иртэй идтэй бөхчүүд архайлдаж байгаад манай найзад хосоо шувтруулна биз гээд гунигтайхан хэлэв.
-Би тэгээд чамайг унахыг харж нулимсыг чинь арчиж өгөх юм уу гэсэн Сувдын зүг оч цахилсан харцаар цочмог харснаа
-Бүгдийг нь хумиад эвхээд шидчихвэл чи яах вэ гэхэд
-Мөрийний даагыг чинь хөтлөөд дагаад л давхидаг байхдаа гэхэд гараа тас зангидсан Дамбын Нараагийн хоёр шанааны булчин арьсаа зад татан гараад ирэх нь үү дээ гэмээр гүрвэсхийн зангирч байлаа.
-Би яйлаад өгнө өө хө. Явъя гээд Сувдын гараас татан босгоод морио хөтлөн зэрэгцэн алхав. Түрүү бөхийн од гийсэн сайхан орой ажээ.й