“Арслангийн Дагестан бол говь. Тэр явсан ч, үлдсэн ч түүний сэтгэлд говь үргэлж зэрэглээтэх авч, говь нутаг өөр шигээ хүнийг нутагтаа үлдээдэг гэнэм. Өнө удаан амьдарсаар асан энэ буйдхан нутгаа орхихоор болох цагт түүний зөрчлүүд өдгөө юу ч биш мэт санагдаж ирнэ. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, Номингийн, эсвэл аавынх нь өмнө хүлээсэн үүргийн тэр том бахим уяа алдууран суларч, Арслан өөрөө их говийн дунд тэрийн хэвтэнэ. Одоо хэр нь яваад очвол “Холын зэрэглээнд цайран харагдах сумын бяцхан төв их говийн дунд жирэлзэн авай” гэхээр тийм гэх тэмдэггүй зэрэглээтсэн өнгө сэтгэл татаж, говь нутгийн халуунд манарч хэвтмээр болно” хэмээн сүүдэр шийний утга, мэдрэмж төдийгүй өөрийн нам гүм ертөнц дэх бодролоо бичих “Phoenix Tsotan’s diary” хуудасны админ, залуу сэтгүүлч О.Пагма анхны ном болох “Бидний уусан ширээ” өгүүллэгийн түүврээ тун удахгүй уншигчдад хүргэх гэж байна. Түүний эл бүтээлээс цухасхныг уншигч та бүхэнд хүргэе.
Ханиад дардаг монгол тэврэлт
Тэр бөнжгөнөтөл чичирч, зогсоо зайгүй ханиасаар долоо хонолоо. Анх халуурч хэвтэхэд нь орж эхэлсэн бороо аанай л цутгасаар. Элдвийн эм тан, есөн жорын юм ууж үзлээ ер нэмэргүй. Адууны махтай саримстай шөл ууя ч гэж санажээ. Гэвч хүний нутагт ямар юмных нь адууны мах олдох билээ. Харин эрж явсаар жаахан үхрийн мах олоод битүү шөл хийж уусан ч дээрдсэнгүй, бахь байдгаараа л. Тэрбээр энэ хотод ирснээсээ хойш анх удаа долоо хоногийн турш хөдөлгөөнгүй хэвтэж байгаа нь энэ. Нэг бодлын сайхан ч юм шиг. Гэхдээ л дараа улирлын сургалтын төлбөр, байрны түрээсээ бодохоор шуудхан босоод ажилламаар болно. Даанч арав алхаад орох эмийн сан руу хагас цаг сажилж хүрч буй хүнээр хэн л ажил хийлгэх вэ дээ.
Бороо улам ч ширүүсэж, хувингаар цутгах мэт шаагина. Хөнжилдөө шурган хэвтэхдээ эмээгээ эрхгүй саналаа. Хэчнээн өвдсөн ч инээж л явдаг сан, тэр. Хүний нутагт харанхуй нөмөрч байна. Халуун биеэ тувт ороосон хөнжлөө хамрынхаа үзүүр хүртэл татчихаад удтал амьдарсан муу өрөөгөө тойруулан харлаа. Салхи исгэрч цонхон тушаах модод үндсээрээ салах нь уу гэлтэй ганхаж үзэгдэх аж.
Наймтай байсан санагдана. Яг ингэж халуурсан юм. Тэгэхэд ач хүүгээ эмээ нь шөнөжин тас тэвэрч унтаад мань хүн маргааш өглөө болоход ер өвдөөгүй мэт цовоо цолгиун гэгч нь инээмсэглэн гүйж явсан сан. Гэвч одоо хэн л түүний халуу шатсан биеийг тэвэрч хонох билээ. Ийн дагжиж хэвтээг нь өдгөө эцэг эх нь ч үл мэднэ. Өөрийг нь хайрладаг бүхэн эмээтэй нь хамт тэнгэрт дэвшсэн шиг.
Гэхдээ л он жил өнгөрсөн ч ийм ёрын ханиадыг дарах арга өөрчлөгдөөгүй мэт. Гэнэтхэн л харь энэ хотын хаа нэгтээ халуун биеийг нь тэвэрч хонох нэгэн байгаа мэт оргижээ. Уг нь тэр ийм яадгаа алдсан эр биш. Даанч энэ ханиадыг зооглосноор бүтэн долоо хоног тийчилж, арга чаргаа барж дуусаад буйгаас болж ийм этгээд бодол төрсөн ч байж мэдэх юм.
Арга буюу утсаа шүүрч авлаа. Япон зарын группт хааяа харагддаг нэгэн зар бий. “Оюутан байж болно. Цалин өндөр, зөвхөн охид холбогдоно уу”.
Зарын группийг хэдэнтээ самарч өнөөх зарыг оллоо. Гэтэл яг ижил дөрөв таван зар байх юм. “Цэцэг Цэцэг” гэсэн нэртэй, цээнийн ягаан цэцэг бүхий нүүр зурагтай нэг хаяг байна. Мөн “Naran Bold” гэх нэртэй, нуурын мандал цаана жаргаж буй нарны зургийг нүүр зургаа болгосон өөр нэг хаягаас бас зар оруулжээ. Өөртөө өгсөн хуурамч нэрийг нь бодвол эмэгтэй хүн гэдэг нь дамжиггүй. Ганц хоёр нөхрөөсөө сонсох нь ээ охид тэнд биеэ үнэлдэггүй, харин гар хангалга хийж өгч мөнгө олдог гэнэ. Чингээд тэд хариуд нь барагтай цагийн ажлаас дөнгүүр мөнгө олдгийг, тэр нь ихэвчлэн япончууд ордог хаалттай шахуу газар болохыг дам сонсжээ.
Бороо аанай л шавхчиж, цонхон дэргэдэх модод найгасаар. Энэ ёрын ханиадыг дарах арга даруй олох хэрэгтэй. Чингээд мань хүн олсон хаяг руугаа зурвас бичиж, үнэн мөнөө хэлье гэж шийдлээ. “Эгч ээ надад ердөө нэг шөнийн тэврэлт л хэрэгтэй” гэж бичвэл ямар эрүүл ухаантай хүн л итгэв гэж! Гэлээ ч бичиж орхилоо. “Би таныг ямар ажил хийдгийг мэднэ. Нэг үгээр зуучилдгийг. Надад монгол эмэгтэй хүний тэврэлт хэрэгтэй байна”.
Удалгүй хариу ирлээ. “Цагдаа биш гэдгийг чинь яаж мэдэх юм? Зайро картынхаа зургийг илгээ” гэж байна. Мөн “Иймээ тиймээ асуудал үүсгэвэл чинь бид өөрсдөө чамайг өгчихөө мэдэх болохоор дуугүйхэн ирвэл ир” хэмээжээ. Тиймээ ердөө л ганц тэврэлт, монгол эмэгтэйн тэврэлт хэрэгтэй, өөр юу ч энэ ёрын ханиадыг дарахгүй. Зөвшөөрч хариу бичвэл тэр дор нь хаягаа илгээлээ. Бараг нэг цагийн зайтай газар ажээ. Гэхдээ тийшээ явлаа ч энэ ханиад үнэхээр эдгэж, халуун буураа ч уу, үгүй ч үү! Очиж очиж янхны өвөрт унтаад эдгэдэг элдэвтэй ханиад ч гэж юу байх билээ? Гэхдээ…
Борооны нимгэн цуваа хөдрөөд харь хотын хаа нэгтээ монгол тэврэлт рүү арай чүү хөдөллөө. Халуундаа шатаж цагариглан хэвтэж асан ором гудсанд нь үлджээ. Эдгэрээсэй билээ...
Гаж хөрш
Би уг нь гаж донтон биш л дээ. Гэхдээ л шөнө бүр надтай адил сэрүүн, тэгээд бүүр гал тогооны гэрэл нь үргэлж асаалттай байдаг эднийхийг анзаарахгүй байж чадсангүй. Шөнө хэчнээн залхам билээ дээ. Өдрийн туршид сатаарсан цаг хугацаа шөнө амсхийдэг шиг байгаа юм. Цул ногоон өнгийн хана бүхий гал тогоотой энэ эр шөнө орой болтол ажилладаг байх. Шөнө дүлээр ядарсан амьтан ирээд шуудхан л гал тогоо руу зүглэдэг байх л даа. Бусдаар бол тэр над шиг нойргүй амьтан адар ширтэж, цонх гөлрөхөө бодно шүү дээ. Гэрлээ асаагаад гал тогоондоо хагас нүцгэн гүйгээд байх шаардлагагүй. Гэхдээ яах вэ тэр надад ханьтай л байдаг юм. Очиж, очиж ногоон ханатай байх даа яах вэ дээ, золиг гэж.
эр бас ганц бие гэдгийг би мэднэ. Шөнө бүр тагтан дээрээ дэмий гөлөрч, тамхи татаж зогсдогийг нь аждаггүй гэж боддог байх. Тэр угаасаа өөрөөсөө өөр хэнийг ч чухалд тооцдоггүй хорвоогийн гаж новшнуудын нэг л дээ. Угаасаа жилийн дөрвөн улирал шөнийн 04.00 цагт тамхилж зогсоо ийм гажиг амьтныг хэн л тоов гэж дээ. Гэхдээ байна шүү, тэр надаас арай туранхай л байх. Би яах вэ дээ шөнийн 04.00 цагт гажгийг тамхилж зогсоог харангаа лапша “лавиж” суудаг юм. Хааяа шарсан төмс ч иднэ. Энэ ер нь өдийд юу хийдэг байна аа. Гаж амьтан. Жинхэнэ гаж донтон. Намайг харж байдаг ч байж магадгүй. Тамхи баагиулж, ийш тийш гөлрөхөөс өөр шидгүй эмо новш.
Шав шалдан амьдрахаар шийдсэн нь
Өнөөдрөөс ямар нэгэн эдлэл хэрэглэл, хувцас зүүсгэлгүй шав шалдан амьдрахаар шийдлээ. Ингээд гэр дотуураа шалдан явахаас эхэлсэн юм. Усанд орчхоод гарч ирэхдээ алчуураар биеэ хариугүй ороох шахсан ч тэнд нь даруй орхиод гал тогоо руугаа орлоо. Ус хийж авахдаа умдгийн үсээ эгц дээрээс нь харж болох нь хачин таатай гээч.
Ингээд компьютероо дэлгэж хэд гурав үгс бичихэд хөх нааш цааш хөдөлж байна. Нэг үгээр бол савчиж байлаа. Тэглээ гээд яах вэ би чинь чармай шалдан амьдрахаар шийдсэн хүн. Ямартай ч гэртээ хоёр өдөр ингэж байсны эцэст гадагш, бүүр гадаа биш юмаа гэхэд оюутнуудын сууж амрах хэсэг рүү гарч үзье гэж шийдлээ. Хоёр хоногийн турш ямар ч хувцас өмсөөгүйн дээр юу өмсөх үү гэж шаналах хэрэггүй учир шалдан чигээрээ гадагш гарах их амар байлаа.
Өрөөний хаалгаа цэлийтэл нээвэл урт коридор үзэгдэнэ. Алхаж явсаар шатаар доош буух замдаа Туркээс ирээд удаагүй байгаа шинэ оюутан болон Японоос ирж манай ангид орсон Ямамото сан хоёртой таарлаа. Шатан дээр таарсан тул тэд гайхсан, үл гүйцсэн харцаар ширтэж, намайг аажуухан шатаар буухыг гайхан харж хоцорлоо. Аа, хэн ч юу гэж ч хэлсэн надад ер хамаа алга. Би чинь ш
Ойрд хоолны хэсэг юм уу, хамтдаа сууж хооллох хэсэг ороогүй болохоор юмс цоо шинэ санагдах аж. Хоолны өрөөнд орвол бүгд зог тусаж, зарим нь барьж явсан халбагаа газар унагаж, тас няс хийх чимээ сонстов. Надад тэдний ямар царай төрхтэй байгаа нь нэг их сонин биш ээ. Хөргөгчөөс улаан лоолийн шүүс гаргаж тэдэнтэй хамт суугаад тайван гэгч нь хэд балгалаа. Харин эндхийн сандлын арьсан бүрээс биед наалдаж байгаа нь л хачин ихээр уур хүргэв. Ингээд хятад оюутнууд гайхаж байснаа төд удалгүй босоцгоосон бол Италиас ирсэн хэд л хоолоо дуустал идэв. Тун удалгүй чихнээ эмнэлгийн машины дуут дохио хангинах дуулдав. Эргэн тойрноо ажвал бүгд намайг чимээгүй имээгүй цоо ширтэж байлаа. Би зүгээр л, зүгээр л... шалдан байхаар шийдсэн хүн шүү дээ.
Д.Сэлэнгэ