Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, урт хугацааны чадавхыг бэхжүүлэх, жишиг болгон хөгжүүлэхэд хамгаалалтын захиргаадыг дэмжих зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөрийг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхлүүллээ. Хөтөлбөрийг БОУАӨЯ, “Дэ нэйче консерванси”, Монголын байгалийн өв сангийнхны хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтээр хэрэгжүүлэх гэнэ.
Монголын байгалийн өв сангаас дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд грант зарласан бөгөөд хамгаалалтын нийт 40 захиргаанаас 36 нь төслийн санал ирүүлсэн нь хэрэгцээ, ач холбогдол хэр өндөр байсныг харуулсан хэмээн тус сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болд хэлэв. Тэрбээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн урт хугацааны тогтвортой менежментийг бий болгоход төр, орон нутаг, иргэд, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа нэн чухал. Хөтөлбөрийн хүрээнд нийт 16.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу нэг захиргаа гурав хүртэлх тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар боллоо. Сонгон шалгаруулалтыг ил тод, олон талын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, шалгарсан хамгаалалтын захиргаадыг БОУАӨЯ-наас баталгаажуулсан. Цаашид нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих тусгайлсан тэтгэлэгт хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв. “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн шалгаруулалтад Монгол орны экологийн бүс, бүслүүрийн төлөөлөл бүхий дархан цаазат, байгалийн цогцолборт, нөөц, дурсгалт газрыг хамарсан хамгаалалтын нийт 15 захиргааг сонгосон байна. Эдгээр захиргааныхны хариуцан хамгаалж буй газар нутаг нь улсын нийт тусгай хамгаалалттай талбайн 40 гаруй хувийг эзэлж байгаа аж.