Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Онцгой байдлын ерөнхий газарт Эрэлч нохойн сургалтын алба байгуулсан билээ. Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Эрэлч нохойн сургалтын албаны үйл ажиллагааны онцлог, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцсон байна.
Эрэлч нохойн сургалтын албаныхан 2018 оноос хойш давхардсан тоогоор 62 аврагч- нохой хөтлөгчийг бэлдэж, 145 удаагийн гамшиг, ослын дуудлагад үүрэг гүйцэтгэсэн аж. Энэ хугацаанд 151 иргэний амь аварч, нурангид дарагдсан, гал түймэрт өртсөн, ууланд төөрч, усанд осолдсон зэрэг гамшиг осолд өртсөн 125 хүнийг олж илрүүлжээ.
Ташрамд дурдахад, 2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод манай улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд хоёр эрэлч нохой оролцож, найман хүний амь аварсныг уншигчид санаж буй биз. Мөн 19 нэрвэгдэгчийг олж илрүүлэн, олон улсын аврах ажиллагаанд амжилттай оролцсон юм.
Ч.Цэлмэг