
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног өчигдөр эхэллээ. Эхийн сүү нь хүүхдэд нэн шаардлагатай шим тэжээлийг өгч, насан туршийн эрүүл мэндийнх нь суурийг тавьдаг. Тиймээс ДЭМБ-ын гишүүн орнууд 2030 он гэхэд нярай хүүхдийг эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох түвшнийг дор хаяж 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр “Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног нь тэдний насан туршийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах чадвар, хөдөлмөрийн бүтээмж төдийгүй улс орны ирээдүйн хөгжилд нөлөөлдөг чухал үе болохыг шинжлэх ухаанаар тогтоосон. Энэ хугацаанд хүүхдийг төрснөөс хойш нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, эхний зургаан сард зөвХөн эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид хоёр болон түүнээс дээш нас хүртэл нь нэмэгдэл хоолтой хамт үргэлжлүүлэн хөхүүлэх нь хамгийн үр дүнтэйг судлаачид онцолдог.
Эхийн сүү нь орлуулах боломжгүй төгс хүнс бөгөөд хүүх-дийг тэжээхээс гадна дархлааг дэмжих, тархи, танин мэдэхүйн хөгжил, сэтгэл зүйн төлөвшлийг сайжруулах байгалийн хамгаалалт болдгоороо онцгой ач холбогдолтой” хэмээв. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72, амьсгалын замын халдварын эрсдэл 57 хувиар тус тус буурдаг байна. Мөн жингийн илүүдэл болон уушгины багтраа өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой аж. Манай улс эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлтээр олон улсын түвшинд харьцангуй сайн байгаа ч сүүлийн жилүүдэд зарим үзүүлэлт буурах хандлагатайг “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны дүнгээс харж болно. Тухайлбал, зургаан сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох түвшин 59.6 хувь байгаа нь 2017 оныхоос төдийлөн сайжраагүй үзүүлэлт юм. Харин 6-23 сартай хүүхдийг эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох түвшин 69.7 хувьд хүрсэн нь 2017 оныхоос хоёр хувиар буурсан үзүүлэлт аж.