Манай сонин хэдхэн хоногийн өмнө “Гайт хар тамхины аюул гадаад улсаас манайхыг онилсоор байна” нийтлэлээрээ Турк улсаас Монголыг чиглэсэн хар тамхины урсгал явж буй талаар хөндсөн. Тэгвэл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, хурандаа Э.Товуудорж өчигдөр мэдээлэл хийхдээ “Гадаадаас, тэр дундаа Туркээс дийлэнх нь орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор манай алба хаагчид чиг үүргийн бусад байгууллагатай хамтран шалгалт хийж, тодорхой үр дүн гарган, нийлүүлж, борлуулдаг хүмүүсийг гадаад, дотоодод баривчилж, холбогдох ажиллагааг хийж байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхитай холбоотой 463 холбогдогчтой 430 гэмт хэрэг илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1, хэргийн холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ хугацаанд нийт 15 төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг хураан авч, хууль бус эргэлтийг таслан зогсоосон. Гадаадаас нийлүүлэгч таван бүлгийн 12 хүнийг баривчилж, Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжилж байсан 22 этгээдийг тогтоон, хоёрыг нь шилжүүлэн авчирсан. Гадаадад Монгол Улсын 43 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлэн хорих ял эдэлж байна” гэв.
Цахимд орчинд гарсан “хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулсан” гэх мэдээлэл огт үндэслэлгүй гэдгийг мэдэгдэв. Хураасан хар тамхийг хууль, журмын дагуу устгадаг хэмээсэн юм.