АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин нар “Оюутолгой”-н ногдол ашиг болон цаг үеийн бусад асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл “Оюутолгой”-н ногдол ашгийн цаана олон асуултын тэмдэг бий. Тухайлбал, тус төслөөс оруулж ирэхээр ярьж буй гурван их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Нэн түрүүнд үүнийг тодорхой болгох ёстой. Үүний цаана орд наймаалцах тухай тохиролцоо, яриа хэлэлцээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Засгийн газар “Рио тинто” групптэй хийсэн гэрээгээ ил болго. Өнөөдрийн байдлаар ногдол ашиг тараах асуудлаар тус группийн зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. “Оюутолгой”-н ногдол ашгийн гэх гурван их наяд төгрөгийг “авлигажсан” төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байсныг АН зогсоож чадсан нь сайшаалтай. Хоёрдугаарт, сүүлийн үед Төрийн тэргүүний хөрөнгө, орлогын асуудалтай холбоотой мэдээлэл олны анхаарал татах боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс үүсээд буй асуудалд Ерөнхийлөгч болон хуулийн байгууллагууд цэг тавих ёстой. Төрийн тэргүүн хөрөнгө, орлогоо нотолж, олон түмний эргэлзээг тайлах шаардлагатай. Тэгэхгүй бол иргэдийн төрд итгэх итгэл алдрах эрсдэлтэй. Түүнчлэн хуулиараа Төрийн тэргүүн тайлангаа УИХ-д тавих ёстой. Энэ нь 126 гишүүнд бус, сонгогч олонд тайлангаа тавьж буй хэрэг” хэмээв.
Харин АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Ногдол ашиг тараах шийдвэрийг “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага албан ёсоор гаргаж, санхүүгийн тайлан, бүртгэлд тусгаж тайлагнасан, эсэх асуудлыг эхлээд нягтлах шаардлагатай. Хэрэв уг мөнгийг ногдол ашиг хэлбэрээр Монгол Улсад өгөх нь баталгаатай бол одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу Баялгийн санд төвлөрүүлэх ёстой. Үүний дараа хэрхэн зарцуулах талаар иргэд, олон нийтийн саналыг авах нь зүйтэй” гэв.
Ж.Сувд