Ноолуур, арьс, ширний үйлдвэрүүдийн хаягдал болон дайвар түүхий эдийг дахин ашиглах, боловсруулах боломж, шилдэг туршлага, инновацын шийдлүүдийг танилцуулах “Дахин боловсруулсан болон нөхөн сэргээгдсэн бүтээгдэхүүн-Боломж ба туршлага” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Үүгээр үйлдвэрлэлийн хаягдал, дайврыг дахин боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж буй үндэсний аж ахуйн нэгжүүд болон судалгааны байгууллагуудын сайн туршлага, инновацын шийдлүүдийг танилцуулав. Тухайлбал, арьс ширний үйлдвэрлэлийн хатуу хаягдлаар шахмал шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлийн үлдэгдлээр органик бордоо гаргаж буй байгальд ээлтэй шийдлүүдийг санал болгож, салбарын дижиталчлал, зах зээлийн боломжийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн судлаач, оюутнууд оролцсон байна. Мөн хаягдал болон дайвар түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, инновацад суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулсан бөгөөд Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
С.Дулам