Засгийн газар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 2023-2028 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилт 2026 онд биелж, манай улс түүхэндээ анх удаа нэг сая жуулчин хүлээж авахад ойртоод буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлж, эл баярыг “Түүхэн мөчийг хамтдаа бүтээцгээе” уриан дор нижгэр тэмдэглэхээр төлөвлөснөө зарлалаа. Тодруулбал, 2026 оны нэг сая дахь жуулчныг угтаж, хүлээн авах арга хэмжээг тус байгууллагынхан гардан зохион байгуулахаар бэлтгэж буй гэнэ. Үүндээ салбарын бусад аж ахуйн нэгж, байгууллагынхныг нэгдэж, хамтран ажиллахыг уриалж эхэлжээ.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлснээр 2026 он гарснаас хойш манай улс 932 мянган жуулчин хүлээн аваад буй аж. Өдөрт дунджаар 2500-3000 орчим жуулчин Монголд аяллын зорилгоор ирдэг гэж тооцвол сар орчмын хугацаанд зорилтот түвшинд хүрэх гэнэ.
Олон жил ярьсан амлалт, зорилтоо ажил хэрэг болгож, биелүүлэх нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ үүнийг салбарын хэмжээнд хавтгайруулан тэмдэглэж, аж ахуйн нэгж, байгууллагынханд төвөг чирэгдэл учруулах шаардлагагүй хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна. Аялал жуулчлалын хөгжил, үр ашгийн үзүүлэлтийг дан ганц зорчигчийн тоогоор хэмжих нь өрөөсгөл тул нэг сая гэдэг тоонд хий дэмий хөөрцөглөх хэрэггүйг ч зарим нь анхааруулав.
Н.Мишээл