“Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж эхэлсэн талаар Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)- ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрынхан өчигдөр мэдээлэв.
Засгийн газрын 2026 оны 202 дугаар тогтоол, Эдийн засаг, хөгжлийн болон Эрчим хүчний сайдын хамтарсан тушаалаар хувийн хэвшлийн түншийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулжээ. Улмаар өнгөрсөн сарын 13-нд уг төсөлд хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьснаас есөн байгууллага оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн төслийн саналыг энэ сарын 12-ны 15.00 цаг хүртэл хүлээн авах гэнэ.
Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын нутагт Сүүдэртийн хясаа хэмээх газарт барихаар төлөвлөсөн эл станцын техник, эдийн засгийн үндэслэлийг 2023 онд боловсруулж батлуулжээ. Төслийг зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх (DBOT) загвараар нийт 29.4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тооцсон байна. Үүнээс барилга угсралтын ажилд 53 сар, ашиглалтад 25 жил зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд урьдчилсан төсөвт өртөг нь 53.3 сая ам.доллар юм.
Жилд 58.9 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай тус станцыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн эрчим хүчний хангамж сайжирна. Одоогоор Баянхонгор аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцууд болон ОХУ-ын импортын эх үүсвэрээр хангаж байгаа юм. Шинэ эх үүсвэртэй болсноор төвийн бүсийн нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдэж, оргил ачаалал болон ослын үед горим тохируулах боломж бүрдэхийг албаныхан онцоллоо.
Түүнчлэн Булган аймгаас Баянхонгор хүртэлх 600 км урт, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг жилд 17.8 сая кВт/цагаар бууруулах тооцоо гарчээ. Ингэснээр ойролцоогоор 2.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой аж.
Э.Сүйлэн