Оршуулгын газруудыг цэгцэлж, эрх зүйн орчныг шинэчлэхээр нийтийн өргөдөл санаачилсан иргэн Д.Гансаруул өөрт нь болон гэр бүлд нь удаа дараа заналхийлсэн асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргалаа. Тэрбээр оршуулгын газрын асуудлыг хөндөж, нийтийн өргөдөл эхлүүлсний дараа цахим орчинд дарамтлуулж, доромжлуулахын зэрэгцээ “Шатааж үнс болгоно”, “Баян-Өлгийд аваачиж чандарлана” гэх мэтээр заналхийлсэн сэтгэгдэл хүлээн авах болжээ.
Түүний санаачилсан нийтийн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурснаар УИХ-ын түвшинд хэлэлцэж, ажлын хэсэг байгуулах шатанд хүрээд байгаа юм. Иргэн Д.Гансаруул өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэх үеэр байр сууриа илэрхийлж, гишүүдийн асуултад хариулжээ. Ийнхүү чуулганд үг хэлсний дараа заналхийлсэн сэтгэгдлийн тоо эрс нэмэгдсэн тул тэрбээр хуульчаас зөвлөгөө авч, цагдаагийн байгууллагад ийн хандсан байна. Тэрбээр “Монгол Улс оршуулгын тухай бие даасан хуульгүй учраас энэхүү өргөдлийг санаачилсан. Өргөдөлд маань тодорхой бүлэг хүн рүү чиглэсэн зүйл байхгүй, гагцхүү оршуулгын газруудыг эмх цэгцтэй болгож, эрх зүйн орчныг шинэчлэх тухай л хөндсөн. Нийтийн өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн гол шаардлага нь усны эх, гол, нуурын эрэг дагуух оршуулгын газрыг цэгцэлж, хуулийн зохицуулалтад зайлшгүй тусгуулах явдал юм” хэмээв.
У.Цэцэг