Боловсролын яамнаас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамныхны хамтарсан санхүүжилтээр “Ур чадвар-миний ирээдүй” мэргэжил сурталчлах, хосолмол сургалтын фестивалийг энэ бямба гарагт зохион байгуулах гэж байна. Ирээдүйн мэргэжлээ таньж, ур чадвараа сорин, туршиж үзэх боломжийг залуучуудад олгох уг өдөрлөгөөр хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүд, шинэ технологи, ногоон шилжилт болон ажил олгогчдын хэрэгцээ, шаардлагыг танилцуулахаараа онцлогтой. Өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид, эцэг, эх, багш нар, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон ажил олгогчид оролцох аж.
Фестивалийн онцлог нь сурагчид мэргэжлийн ажлын давуу тал, ашигладаг багаж хэрэгсэл, технологи, орчинтой танилцана. Тухайлбал, хөдөө аж ахуй, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн болон хүнд, хүнсний үйлдвэрлэл, барилга, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, технологиудын ажиллах зарчим, аргачлалыг бодитоор туршихаас гадна мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн зөвлөгөө авах, эдгээр салбарын мэргэжил, ажлын байрны нөхцөл, мужаан, барилга, хүнд машин механизмын жолоодлого, хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоо, суралцах боломжийн талаар өргөн хүрээний мэдээлэлтэй болох юм.
Мөн ажил олгогчид, хүний нөөц болон компанийн сургалт хариуцсан ажилтнуудад зориулан хосолмол сургалтын хэрэгжилт, үр дүн, сайн туршлагыг танилцуулах тусгай хөтөлбөр зохион байгуулна. Уг сургалт нь суралцагчдад онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн орчинтой хослуулан, ажиллангаа эзэмших боломж олгодог хэлбэр юм. Өдөрлөг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй.
О.Оргилох