
(Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулав.)
2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Түүхийн хуудас сөхвөл, тэртээх 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээ байгуулсан нь Монгол, Оросын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.
Өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд хоёр улсын ард түмэн түүхийн олон сорилт, өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалтын он жилүүдийг туулж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр олон улсын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны хэлбэр боловсрол соёл урлаг, спорт зэрэг олон салбарт өргөжин хөгжиж буй энэ цаг үед уламжлалт найрамдалт харилцааг бид залуу үеийн мэдлэг, боловсрол, соёлын солилцоо, хамтын бүтээлээр баяжуулах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
МОНГОЛ УЛС-БҮС НУТГИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГҮҮР БОЛОН ХӨГЖИЖ БАЙНА
Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр том мөнхийн хөрштэй, Евразийн бүс нутгийн чухал уулзварт оршдог. Энэхүү газар зүйн онцлог нь худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагаанаас гадна улс орнуудын боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөрш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн түүхтэй. Энэ хүрээнд 2004 оноос Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын ажиглагчийн статустай оролцож байгаа нь тус байгууллагын гишүүн орнуудтай боловсрол, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах нэг үндэс болж байна.
Улс хоорондын харилцаа төрийн тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээрээс гадна оюутан залуус, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд хүрээгээ тэлэн хөгжих нь хөрш орнуудын харилцан ойлголцол, хамтын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл юм.
ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЬЕ
Монгол, Орос, Хятад гурван улсын хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр логистикийн чиглэлээр эрчимтэй хөгжиж байна. Харин энэхүү хамтын ажиллагааг иргэд, ялангуяа залуучуудын түвшинд өргөжүүлэх нь урт хугацааны ач холбогдолтой.
Монголын залуучууд хөрш орнуудынхаа боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил, соёлын онцлогийг танин мэдэхийн зэрэгцээ гадаадын залууст Монголын нүүдлийн соёл иргэншил, түүх, уламжлал, орчин үеийн хөгжлийн талаар бодитой ойлголт өгөх боломжтой.
Энэ хүрээнд бид эх орноо сурталчилан таниулах зорилготой, Монгол Улсад олон улсын залуучуудын боловсрол, соёлын хамтын ажиллагааг дэмжих нээлттэй төв байгуулах санаачилгыг хэлэлцэж болох юм. Энэхүү төв нь хэлний сургалт, оюутан солилцоо, хамтарсан судалгаа, залуучуудын форум, урлаг соёлын арга хэмжээ, инновац, гарааны бизнес, сайн дурын хөтөлбөрийг нэгтгэсэн хамтын ажиллагааны талбар байх боломжтой.
Тухайлбал, Улаанбаатар, Москва, Бээжин, Астана, Ташкент болон бусад хотын оюутан залуусыг хамруулсан боловсролын хөтөлбөр, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, бүтээлч төслүүдийг хөгжүүлж болно.
НАЙРАМДЛЫН 105 ЖИЛ- ХҮҮХЭД ЗАЛУУСЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААР ҮРГЭЛЖЛҮҮЛЬЕ
Монгол, Оросын дипломат харилцааны 105 жилийн түүх нь хоёр улсын ард түмний хамтын хөдөлмөр, харилцан дэмжлэг, боловсрол, соёлын харилцааны баялаг өвийг агуулдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлж, дайны дараах он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа аж үйлдвэр, дэд бүтэц, боловсролын салбарт өргөжин хөгжсөн. Жишээ нь, Дархан, Эрдэнэт хотуудын бүтээн байгуулалт, Улаанбаатар төмөр замын хөгжил, Зөвлөлтийн их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн монгол мэргэжилтнүүдийн түүх нь энэхүү хамтын ажиллагааны тод жишээ юм.
Энэ түүхэн өвийг зөвхөн дурсамж болгон хадгалах бус, шинэ үеийнхний мэдлэг, боловсрол, судалгаа, соёлын хамтын ажиллагаагаар баяжуулан үргэлжлүүлэх нь чухал.Ялангуяа Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Өвөр Монгол зэрэг хил орчмын бүс нутгийн залуучуудын харилцаа, хэл соёлын нийтлэг өв, уламжлалт нөхөрлөл нь хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөл болно.
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРООС БАЙГАЛЬ, ХҮМҮҮНЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА РУУ
Монгол, Орос, Хятад гурван улс 2016 онд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр баталсан нь худалдаа, тээвэр, дэд бүтэц болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчны чиглэлээр баяжуулах нь гурван улсын харилцааны нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, их, дээд сургуулиудын оюутан, багш, судлаачдын солилцоо, хамтарсан шинжилгээ судалгаа, соёлын наадам, уран бүтээлчдийн уулзалт, байгаль хамгаалах сайн дурын хөтөлбөрийг хөгжүүлэх боломж бий.
Мөн залуу сэтгүүлчид, медиа салбарын төлөөллийг хамруулсан сургалт, туршлага солилцоог өргөжүүлж, улс орнуудын тухай үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл түгээх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж болно.
ИРЭЭДҮЙГ ХОЛБОХ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ГҮҮР БОЛ ХҮНИЙ ХАРИЛЦАА
Дэлхий дахинд эдийн засаг, технологи, тээвэр логистик, байгаль орчны асуудлууд улам бүр харилцан хамааралтай болж буй өнөө үед залуучуудын мэдлэг, оролцоо, хамтын ажиллагааны ач холбогдол өсөн нэмэгдэж байна. Монгол Улсад олон улсын залуучуудын боловсрол, соёлын хамтын ажиллагааны төв байгуулах санаачилга нь энэ чиглэлийн боломжийг нэгтгэн хөгжүүлэх хувилбар байж болох юм. Ийм санаачилгыг хэрэгжүүлэхдээ оролцогч талуудын эрх тэгш байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах нь чухал
Монгол гэрийн гал голомт эргэн тойрныхоо хүмүүсийг нэгтгэдэгтэй адил залуучуудын хамтын ажиллагааны орон зай нь өөр өөр хэл, соёл, уламжлалтай хүмүүсийг уулзуулж, мэдлэг туршлагаа солилцох боломжийг бүрдүүлнэ.
Монгол, Оросын найрамдлын 105 жилийн ой нь өнгөрсөн түүхээ хүндэтгэхийн зэрэгцээ шинэ үеийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх чухал цаг үе юм.
Улс орнуудыг авто зам, төмөр зам, худалдааны сүлжээ холбодог бол ард түмнүүдийг мэдлэг, соёл, итгэлцэл, хүний харилцаа холбодог. Ирээдүйн хамтын ажиллагааны хамгийн үнэ цэнтэй гүүр нь чухам хүүхэд залуусын соёл боловсролын нэгдмэл хөгжил, ард түмнүүдийн найрамдалт харилцаа билээ.