Цагдаагийн байгууллагаас өчигдөр олон нийтийг залилах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж “Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 34 хувь буюу 15 628 нь залилах төрлийнх байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 53.7 хувийг илрүүлж, 12 851 хэрэг буюу 82.2 хувийг нь шийдвэрлэсэн. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 218.7 тэрбумыг нөхөн төлүүлж, 10.5 тэрбумаар үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг илрүүлсэн. Нийт залилах гэмт хэргийн 11 939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Үүнд, бараа захиалсан 3798, бусдын цахим хаяг ашигласан 2060, тээврийн хэрэгсэл,сэлбэг захиалга нэрээр 1447, телеграммаар даалгавар биелүүлж 1367, сугалаа, мөрийтэй тоглоомын аргаар 1289, валют солих нэрийдлээр 310, өмнө нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн, өвчтэй хүний зургийг ашиглан хандив, тусламж гуйж 112, зээл олгох, чөлөөлөхтэй холбоотой 371, гадаадад ажил, сургуульд зуучлах нэрээр залилсан 59, бусад байдлаар 1126 хэрэг гарсан байна. Өмнө нь манай улсад “Житайм”, “Бэлтэс мөрөн” гэх зэрэг нийгмийн сүлжээнд анхаарал татсан залилан мэхлэх гэмт хэрэг гарч, олон хүнийг хохироож байсан. Гэвч иргэд эдгээрээс сургамж авахгүй, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Сүүлийн үед “Онлайн алтны захиалга” гэх нэрийдлээр баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд үнээр зарна гэх утгатай зар байршуулж 200 гаруй иргэнд 10 тэрбум, “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэх зар цахим орчинд түгээж 312 иргэнээс 18.9 тэрбум төгрөг залилан авч, хохирол учруулсан хоёр бүлгийн таван иргэнийг мөрдөн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн богино хугацаанд өндөр ашиг амласан саналд хууртахгүй, ямар ч тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхад онцгойлон анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдтэй хамтарч цахим хэтэвчинд хязгаарлалт тогтоож буй аж. Монголбанк, Улсын ерөнхий прокурорын газартай энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж 2024 онд 13.2, 2025 онд 15.9, энэ жил 15.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 тусгай дугаарт хандах шаардлагатай гэв.