Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид дэлхийд нэн ховордсон мазаалайн идэш тэжээлийн хомсдолыг нөхөх зорилгоор нэмэлт тэжээл байршуулжээ. Тодруулбал, байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд 1250 км зам туулж, 40 орчим мазаалайн идээшилдэг бүсэд байрлах хоолны савнуудад нийт 3.6 тонн нэмэлт тэжээл хийсэн байна. Мазаалайн нэмэлт тэжээл нь багсармал болон шахмал гэсэн хоёр төрөлтэй. Үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн багтдаг бөгөөд уургийн агууламжийг 20 орчим хувьд тооцон бэлтгэдэг аж.
Говь-Алтайн арын их говьд нутагладаг мазаалай нь цөл, говийн эрс тэс нөхцөлд дасан зохицсон, дэлхийд нэн ховор баавгайн төрөл юм. 10 гаруй жилийн өмнө 22-25 орчим бодгаль бий гэж тооцож байсан бол хамгааллын арга хэмжээ, нэмэлт тэжээл тавих ажлын үр дүнд хоёр жилийн өмнөх судалгаа, бүртгэлээр 50 гаруй болж өсжээ.