АНУ-ын зургаан хотод үйл ажиллагаагаа явуулж буй монгол оюутан, залуусын зургаан холбоо нэгдэн “Америк дахь монголчуудын хөдөлмөрийн яармаг-2014” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, АНУ-д суугаа Монголын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Америкийн их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн болон эзэмшиж буй залуучууд, мөн мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай монгол залуучуудыг хоёр орны шилдэг компаниудтай холбон, нэгэн дор цуглуулж, ажилд зуучлах зорилготой юм байна. Монгол маань гадаад улсуудад хамгийн үнэ цэнэтэй баялаг болох өндөр ур чадвар бүхий боловсон хүчнээ алдаж байгаад сэтгэл зовнин, брэйн дрэйн (brain drain) буюу мэдлэгийн гадагшлах урсгалыг зогсоох, цаашлаад чиглэлийг нь дотогш эргүүлэх зорилгоор ийм ажил зохион байгуулах болсон тухайгаа тэд мэдээлжээ. Ирэх аравдугаар сарын 11, 12-нд Иллинойс мужийн Чикаго хотноо болох уг арга хэмжээ тэнд сурч буй монгол залуучуудад нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй юм байна. www.careerfair.oyutan. org сайтад хандан, анкет бөглөж, зохион байгуулагчдад CV-гээ илгээн бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай аж.
Э.ХАНА