Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын энэ оны АД/07 дугаартай албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээдүүдэд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар газар ашиглагчид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.2-т заасан “Хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан”, Газрын тухай хуулийн 35.3.2-т “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй”, 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах тухай хүсэлт гаргаагүй”, 40.1.1 дэх хэсэг “Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” зэрэг зөрчилж байжээ.
Мөн гэрчилгээ эзэмшигчид газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байжээ. Иймд дээрх хууль тогтоом¬жийг зөрчсөн нийт 275 хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэгдэв. Газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4.2 дахь заалтад үндэслэн хариу тайлбараа албан бичгээр болон цахимаар ирэх сарын 25- ны дотор Хамгаалалтын захиргаанд ирүүлэхийг эзэмшигчдэд мэдэгдсэн байна.