Эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмсэн асуудлаар ШӨХТГ-аас байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл ШӨХТГ-аас гаргасан уг мэдэгдлийг Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо эсэргүүцэж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын Их хурлын 72 болон 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд цахилгааны үнэд өөрчлөлт оруулсан байдаг. Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэж дээрх тогтоолд заасан бөгөөд энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газар Эрчим хүчний зохицуулах хороонд даалгасан байдаг.
Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан шийдвэрийг ШӨХТГ-аас хууль бус гэж зарлаж байгаа нь үнэхээр учир дутагдалтай зүйл болохыг тус Үйлдвэрчний эвлэлийнхэн тайлбарлав. Эрчим хүчний салбар 2012 онд 66.3 , 2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдалтай, “Багануур”, “Шивээ- овоо” компани 2013 онд 16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байжээ.
Эрчим хүч Геологи Уул уурхайн ҮЭХ-ны дарга С.Ганболд: “Өнөөдөр төвийн эрчим хүчний хэмжээнд 1 кв/ ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 145 төгрөг бол борлуулж байгаа дундаж үнэ 105 төгрөг байгаа бөгөөд 40 төгрөгийн алдагдалтай борлуулж байна гэсэн үг. Цахилгаан эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмэгдүүлснээр сард 150-200 квт/ц хэрэглэдэг айл өрхөд 750-1000 төгрөг нэмэгдэж байна. Гэтэл үүнээс их мөнгө төлдөг өрхийн зарлагад багагүй хэмжээгээр нөлөөлдөг зүйлүүд байдаг” гэлээ.
Мөн Эрчим хүчний салбар хэт хуучирсан техник технологитой бөгөөд дорвитой шинэчилж чадахгүй ажилласаар байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх боломж тааруу, мэргэжлийн ажилчдаа өөр салбарт алдаж байгаа зэрэг олон асуудал эрчим хүчний салбарт тулгараад байгаа тухай тэд ярьсан юм.