Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Ньюнт У-г өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2015 онд болох архины хяналтын асуудлаарх үндэсний чуулганы талаар санал солилцсон юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭМЯ, ХЗЯ, ГХЯ болон Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулах уг чуулганд Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Шин Ён Су, ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан нар оролцоно.
Хурал зохион байгуулах хороо болон техникийн Ажлын хэсэг байгуулах талаар санал авч, ажиллаж байгаагаа Н.Удвал сайд хэллээ. Салбарын сайд Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас тусламж авах шаардлагатай хоёр асуудал буйг онцолжээ. Тэрбээр “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд аймаг, дүүргийн эмнэлэг бүрт сэтгэц, зан төрхийн эмч, мэргэжилтэн байна гэж заасан байдаг. Гэтэл дээрх мэргэжилтнүүдийг бэлтгэх боловсон хүчин манайд байхгүй. Тиймээс ДЭМБ-аас эхний ээлжинд энэ чиглэлийн сургалт явуулах мэргэжилтэнг урьж ажиллуулахыг хүсэж байна” гэжээ. Дараагийн асуудал нь Эбола вирусийн тархалттай холбоотой Монгол Улсад мал, амьтнаас дамжин халдварлах, байгалийн голомтот өвчнүүд тархах өндөр эрсдэлтэйг харгалзан, био аюулгүй байдлын болон тандалтын тогтолцооны нэгж байгуулах, түүний чадавхийг сайжруулах чиглэлээр тус тус хамтран ажиллах хүсэлт тависан юм.