НАТО-гийн Умард Атлантын зөвлөл өнгөрсөн наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв (ЭДАСТ)-ийг НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, ЭДАСТ-ийг НАТО-гийн боловсрол, сургалтын төв гэж хүлээн зөвшөөрч баталсныг тус байгууллагын Улс төр, аюулгүй байдлын бодлогын ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ. НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд гишүүн болон түнш 23 орны 26 төв багтаж байсан бол Монгол Улс ийнхүү 24 дэх түнш орон, Зэвсэгт хүчний ЭДАСТ нь 27 дахь төв болж байгаа юм.
Эдгээр төвүүдэд цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг байна. Энэ жил манайхаас гадна АНУ-ын Тусгай ажиллагааны нэгдсэн их сургууль, Маршалын төвийн дэргэдэх Хэлний сургалтын төв тус сүлжээнд элсэхээр мэдүүлгээ өгснөөс манай ЭДАСТ-ийг ийнхүү баталжээ. НАТО-гийн сургалт, боловсорлын төвүүдэд Монгол Улсаас 2013 онд 28 төрлийн арга хэмжээнд 33, 2014 оны эхний найман сарын байдлаар 39 цэргийн болон иргэний алба хаагчдыг хамруулсан байна.