Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой. 2009-2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн суманд байгалийн голомт идэвхжиж, энэ сарын байдлаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг ЗӨСҮТ-ээс анхааруулав. Тэгвэл энэ сард Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын хүний тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өвчтөн 15 настай, эрэгтэй, М нь энэ сарын 3-нд тарваганы мах идэж, түүхий давсаг залгиснаас хойш эмнэл зүйн шинж илэрч, эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Тодруулбал, Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорио тогтоож, найман цэгт 24 цагаар эргүүл гаргажээ. Одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын 54 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулан, сумын хэмжээнд хоёрдугаар хавьтлыг илрүүлэх, хяналтад авах ажиллагаанд ЗӨСҮТ-өөс эмч нарын баг ажиллаж байна.
Жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногт орон даяар тарваган тахлын дархлаажуулалт хийдэг. Энэ онд Казакстан улсад үйлдвэрлэсэн 30 мянган хүн тун вакциныг Улаанбаатар хотын есөн дүүрэг, 17 аймагт түгээгээд байгаа аж.