Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 74 дүгээр тогтоолын дагуу Эрдэнэбулган суманд есдүгээр сарын 9-ний өдөр ес дэх удаагийн “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг зохиолоо. Энэхүү өдөрлөгийн зорилго нь орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хүүхэд багачуудтай уулзаж, санал сэтгэгдэлийг нь сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оршиж буй. Энэ удаагийн “Хүүхдээ сонсох өдөр”-ийн үйл ажиллагаанд Эрдэнэбулган сумын ЕБС-ийн урлагийн авьяастай 30 хүүхэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ч.Мөнхбат, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ажлын алба, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газрын дарга А.Амгаланбаатар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Уранцэцэг, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо Энэ үеэр урлагийн авьяастай хүүхдүүдэд байнга тулгамдаж байдаг асуудлуудыг хөндөн ярилцаж, санаа бодлоо хуваалцан, хүүхдүүдийн сонирхсон асуултанд холбогдох албан тушаалтнууд шууд хариулт өгсөн аж. Мөн уулзалтанд оролцсон хүүхдээс бичгээр санал авч, гарсан санал санаачилгыг нэгтгэн, шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, журам боловсруулж эргэж мэдээллэх хариу арга хэмжээ авч ажиллахаа дарга, албан тушаалтнууд хүүхдүүдэд амаллаа.