Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхэн өдөр энэ сарын 13-нд тохиов. 24 дэх жилдээ болж буй энэ өдрийг тохиолдуулан Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тухайн үеийн Парламентад сууж, анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан гишүүд болон Улсын Бага Хурлын Тамгын газарт ажиллаж байсан ажилтнуудыг өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бага хурлын гишүүд түүхэн дурсамжаа хуваалцаж, өнөөгийн хууль тогтоох үйл ажиллагааны талаар санаа оноогоо солилцсон юм. 5 жилийн бүрэн эрхтэй сонгогдсон ч 2 жилийн дотор шинэ Ардчилсан хуулиа баталж чадсан Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Бага хурлын гишүүдэд хандан үг хэлсэн. Тэрбээр “Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны Байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бидний хувьд онцгой, Монгол төрийн хувьд чухал үйл явдал болсон билээ. Анхдагч нь Улсын Бага Хурлын гишүүд та бүхэн. Улсын Бага Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага статустайгаар 53 гишүүнтэй байгуулагдаж байсан. Улсын Бага Хурал Монгол төрийн эрх барих байгууллагын хувьд өөрийнхөө үндсэн чиг үүрэг болсон Монгол Улсын шинэ Ардчилсан үндсэн хуулийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлаар батлуулах үүргээ амжилттай биелүүлсэн. Улсын Бага Хурал таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон байгуулагдсан боловч хоёр жилийн дотор шинэ Ардчилсан хуулиа баталж чадсан. Өөрсдийнхөө бүрэн эрхийг гурван жилээр үлдээж дараагийн бүрэн эрхэд шилжүүлсэн улс төрийн шийдэл нь тэр үеийн Бага хурлын гишүүд, шинэчлэлийн төлөө, ардчилсан хөгжлийн төлөө, ардчилсан үндсэн хуулиа аль болох хурдан хэрэгжүүлж, ард түмний хүсэл зоригийг дээдэлж, хуулийнх нь хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө гэсэн өндөр дээд сэтгэлээр хандаж байсан нь өнөө үед үлгэр дууриал болох байх. Үүнийг Монгол төрийн түшээд, Монгол төрийн байгууллагууд ихэд санаж, бодож, бас сургамж мэт хүлээж авч байгаасай гэсэн сэтгэл байдаг юм. Та бүхэндээ Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 24 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн ойг тохиолдуулан энэхүү уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Ирэх онд Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсний 25 жилийн ой тохионо. Энэ үеэр хийхээр төлөвлөсөн ажлуудыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан. Бага хурлын гишүүд ч энэ үеэр санал бодлоо хэлсэн юм.
“Үндсэн хуулиа бид дотооддоо шүүмжилдэг. Гадна харин магтдаг”
Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж: - Улсын Бага Хурал анх байгуулагдаж байхад ямар техник, тоног төхөөрөмжтэй, боловсон хүчний хүрэлцээ ямар байсныг 24 жилийн дараа эргэн харахад одоогийнхтой зүйрлэхийн аргагүй. Тухайн үед өдөр, шөнөгүй хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг ажлын хэсэг маргааш өглөө нь хуралдаанд оруулдаг байсан. Одоогийнхтой адил 7, 14 хоногийн дараа, завсарлага авсан бол хэдэн сар, жилийн дараа хэлэлцэнэ гэсэн ойлголт байсангүй. Мөн компьтер шиг копидоод хуулчихдаггүй байсан болохоор бичээч нар гараа чилтэл бичиж, нэг үл алдахад л дахиад цохидог байсан. Бид үнэхээр Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан хүмүүс. Өнөөдөр Монголын Парламентад үлгэр авах зүйл олон бий. Маргах юман дээрээ маргаж, эвлэрэх юман дээрээ эвлэрч чаддаг, улсынхаа эрх ашгийг бодож чаддаг хүмүүс энэ уламжлалыг бий болгосон. Энэ уламжлалыг хойч үедээ өвлүүлэх ёстой. Сүүлийн үед хорвоогийн жамаар ихэнх нь бурхны оронд явж байна. Ядарч зүдэрч байгаа хэсэг ч бий. Үүнийг ч бодох ёстой. 1996 онд Польш, Унгарын Парламентынхантай уулзахад монголчууд та нар социалист гэж нэрлэгдэж байсан улсуудаас хамгийн түрүүнд үндсэн хуулиа баталсан. Тэгээд бүр ийм мундаг хууль баталчихдаг гэж байсан. Оросын эрдэмтэд мөн хэлдэг. Үндсэн хуулийг танайх шиг хэлэлцүүлж, эрдэмтэн мэргэд, Парламент, ард нийтээрээ хэлэлцүүлээд, дахин дахин саналыг нь авч, үг өгүүлбэр бүрийг гишүүддээ нэг бүрчлэн ойлгуулж баталсан орон байхгүй гэж. Өнөөдөр Үндсэн хуулийг дотооддоо бид их шүүмжилж байгаа. Харин гадна манай хуулийг магтаж байгаа. Үнэхээр тийм системээр явж байсан орон гэхэд дэлхийн жишиг болохуйц хууль батлаад өдгөө Монголын тогтвортой байдлыг хадгалсаар байгааг гадныхан магтдаг. Тиймээс үүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
“Үндсэн хуулийг шинэчлэх шаардлагатай. Хэрэв хийхгүй бол бидэнд хожим үүргээ биелүүлээгүй гэсэн зэм үлдэнэ”
Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав:- Өнгөрсөн сургамжаа хойч үедээ өвлүүлж үлдээх тухай бид мартаж болохгүй. Улсын Бага Хурлын чухал үүрэгтэй оролцсон ажил бол Үндсэн хуулийг баталсан явдал. Улсын Бага Хурлын түүхэн ойг тэмдэглэх нь зүйтэй. Ингэхдээ Үндсэн хуулийг хэрхэн тогтоосон талаар эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал хийх саналыг дэвшүүлж байна. Ингэхдээ Үндсэн хууль судлаачдын илтгэлээс гадна сонирхогч хөндлөнгийн буюу зэрэгцсэн илтгэл маягаар зохион байгуулбал олны байр суурь илүү гарах байх. Үндсэн хууль он цагийн шалгуурыг давсан. Амьдрах дундаж хугацааг хангалттай эдэлсэн гэж мэргэжлийн олон хүн үнэлдэг. Дутагдлуудыг ч бас ярьдаг. Монголын нийгэм, сэтгэлгээний түвшин их өссөн. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ нь Үндсэн хууль муу болсноос биш, ямар ч зүйл цаг үеийнхээ тусгал байдаг учраас цаашдаа нийгмийн асуудлыг илүү боловсронгуй удирддаг болгохын тулд зохих хэмжээний ул суурьтай өөрчлөлт хийх цаг нь ирсэн. Хэрэв хийхгүй бол бидэнд хожим үүргээ биелүүлээгүй гэсэн зэм үлдэнэ.
“Үндсэн хуулийн талаар зөвхөн эрдэм шинжилгээний хурал бус, ард нийтээрээ бүсчилсэн хэлэлцүүлэг хийх хэрэгтэй”
Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Өөлд: - Улсын Бага Хурлаас гаргасан шийдвэрүүд тэр үеийн улс орны эдийн засагтай холбогдож байсан. Үндсэн хуулиа сурталчлах, өөрчлөх асуудлыг ард иргэдээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. Ингэхдээ бүсчилсэн маягаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа. Тэглээ гээд баялгаа, газраа гадаадын хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлж, өмчлүүлэх гэсэн ийм ядарсан хууль битгий гаргаасай гэж УИХ-аас хүсэх байна.
“Хүний эрхээр жаргадаг Монгол Улсыг өөрийн эрхээр зовдог Монгол Улс болгосон”
Улсын Бага Хурлын гишүүн асан М.Энхсайхан: - Улсын Бага Хурлын асар том үүрэг нь хүний эрхээр жаргадаг Монгол Улсыг өөрийн эрхээр зовдог Монгол Улс болгосон юм. Өөрийн эрхээр өөрөө асуудлаа шийддэг бүрэн бие даасан шийдвэр гаргадаг байх хамгийн эхний шийдвэрийг Улсын Бага Хурал гаргасан. Өөрийн эрхээр ажилладаг үндэс суурийг тавьсан Улсын Бага Хурлын үйл ажиллагааг хойч үедээ сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн олон жилийг даах чадвартай төрийн тогтолцоог бид суурилуулж өгсөн. Зөрүү, ялгааг нь ойлгуулаад өгвөл дараагийнх нь үе аваад явах чадвартай гэж итгэж байна гэв.
Р.Оюун