Жил бүр зохиогддог хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдах, өндөр ашиг, шимтэй мал, амьтныг нийтэд сурталчилан, таниулах зорилготой “Шилмэл мал” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, худалдаа болдог. Өнөө жил “Шилмэл мал-2014” үзэсгэлэн ес дэх удаагаа өнгөрсөн баасан гаригт Монгол түмний хийморио сэргээж, хурдан хүлгийн тоосоо өргөдөг Хүй долоон худгийн “Монгол наадам цогцолбор”-т нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд оролцохоор 18 аймаг, нийслэлээс малчид, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ. Түүнчлэн онцгой үржил шимт 700 гаруй мал, амьтан оролцож байгаа аж. Энэ жилийн хувьд импортын өндөр ашиг шимт малыг Монголд нутагшуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж буй “Хишигтэн нүүдэлчин”, “Гацуурт”, “АТААСҮ”, “Ургац хүдэр”” “Мон таримал” ХХК үржлийн шилмэл малаараа оролцож, дэлхийн жишигт нийцсэн эрчимжсэн мал аж ахуйг нийтэд танилцуулсан бөгөөд Франц улсаас манай улсад хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилж буй нь анхаарал татаж байсан төдийгүй тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, манай малчидтай уулзсан нь онцлог байв.
Нутаг, нутгийн малчид сүргийнхээ сор болсон, гойд үржил шимт малаа туун ирж, басхүү бусдаас өндөр үнээр худалдаж, туршлага солилцох нь эл үзэсгэлэнгийн нэг зорилго байдаг. Тэр утгаараа үзэсгэлэнд оролцох мал, амьтдад аймаг, орон нутагтаа ашиг шимийн гоц ялгарах үзүүлэлтээрээ тухайн үүлдэр, үүлдрийн хэсгийн дархан болон торгон ангийн стандарт шаардлагаас 15-аас доошгүй хувиар илүү, мал сүргийн удмын санг хамгаалан, сайжруулах Монгол Улсын мал үржлийн төлөвлөгөөнд нийцсэн байх шалгуур тавьдаг байна. Энэ жилийн хувьд Франц улсын лимузин үүлдрийн үхэр хуран цугласан олны анхаарлыг аргагүй татаж байсан. Эл үхэр удамшлын үнэт чанараа үр төлдөө үеэс үед баттай сайн дамжуулдгаараа дэлхийд гайхагддаг махны чиглэлийн үүлдэр аж. Түүнийг аль ч улс оронд үржүүлэхэд дасан зохицох, нутагших чадвар сайтай төдийгүй наслалт нь өндөр байдаг гэнэ. Тодруулбал, үнээ нь 6-8 настайдаа бие бялдар нь бүрэн хөгжиж, 10-12 нас хүртлээ энэ байдлаа хадгалдаг юм байна. Үзэсгэлэнд оролцуулахаар авчирсан дөрвөн настай лимузин үхэр л гэхэд нэг тонн жинтэй байсан.Сонирхуулахад, түүнийг худалдах үнэ нь 10 сая төгрөг юм билээ. Онцгой ашиг шимтэй малаас гадна эрчимжсэн үүлдрийн гахай, шувуу, туулай, усан гахай, загас, нохойг эл үзэсгэлэнд оролцуулжээ. Тухайлбал, 220 тонн жин татах үлэмж том гахай бас л хүмүүсийн сонирхлыг татаж байв.
Арга хэмжээний үеэр Үйлдвэр, хөд өө аж ахуйн дэд сайдаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Шилмэл мал” үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж байгаагийн ач холбогдол юу вэ?
-Үзэсгэлэнг зохион байгуулснаар манай улсын мал аж ахуйн салбарт ямар ахиц, дэвшил гарч буйг мэдэх, шинэ омог, ашигтай үүлдэр бий болсон эсэхийг харж болно. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр явуулж буй дуудлага худалдаанаас малчид өөрт байхгүй сайн чанарын үржлийн малыг худалдан авч, нутагтаа үржүүлэх, сүргийнхээ ашиг шимийг сайжруулах боломж бүрддэг. Мөн аймаг, сумаараа нийлж үржүүлсэн малаа борлуулж, ашиг олоход үзэсгэлэнгийн ач холбогдол оршино. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр нийт есөн тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Энэ жил үүнээс илүү гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Энэ жилийн үзэсгэлэн өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болж байна вэ?
-Өнөө жилийн “Шилмэл мал” үзэсгэлэн Хүй долоон худгийн “Монгол наадам цогцолбор”-т хоёр дахь удаагаа болж байна. Түүнчлэн Франц, Словак, Чех улсын төлөөллүүд анх удаа оролцож буй юм. Бид цаашдаа олон орны сайн фермер, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж, үзэсгэлэндээ урих бодолтой байгаа. Ингэснээр манай улсын фермерүүд тэдний туршлагыг судлахаас гадна тоног төхөөрөмж, үр, мал зэргийг худалдаалах боломж бүрдэнэ.
-Үзэсгэлэнд оролцож буй малаас онцгой үржил шимтэйгээс нь дурдвал.
-Мэдээж нутаг нутгийн сор болсон таван хошуу малуудыг энд авчирсан. Мөн гаднын улсуудаас Монголд нутагшуулж буй үүлдрийн малыг оролцуулж байгаа. Тухайлбал, ангус, лимузин зэрэг мах, сүүний чиглэлийн үхрүүд бусдаасаа ялгарч байна.
Г.АРИУНЦАЦРАЛ