Япон улсын “Мицубиши моторс” компаниас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өнөөдөр цахилгаан машин хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл, Япон улсын Элчин сайд Такэнори Шимизу болон “Мицубиши моторс” компанийн төлөөллүүд оролцлоо.
Энэхүү машин нь зуун хувь цахилгаанаар ажиллах бөгөөд нэг удаа цэнэглээд 200 гаруй км туулах хүчин чадалтай. Нийслэлийнхэн жилд 1.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний шатахуун ашигладаг. Энэ шатахууныг мэдээж гаднаас авдаг. Өрхийн ядуурлын шалтгаанд шатахууны хэрэглээ ч багтана. Замын түгжрэл их байгаа өнөө үед шатахуун зарцуулалтын хэмжээ мөн их байна. “Гэр хорооллын утаанаас гадна хотын төвд явж буй машинууд агаарын бохирдлыг ихээр бий болгодог. Тиймээс тус машины туршилт амжиллтай болбол Мицубиши компанитай гэрээ хийж, Улаанбаатар хотын такси үйлчилгээг ийм цахилгаан машинаар шинэчлэхийг зорьж байна” хэмээн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл онцолж байлаа. Мөн хотын захирагч энэхүү машиныг өөрөө унах хүсэлтэй байгаа гэнэ. “Миний унаж байгаа “Lexus-570” шатахуун их иддэг. Машины туршилт амжилттай болбол энэ цахилгаан машиныг унана. Мөн хотын захиргааныхны бүх машиныг цахилгаан машинаар өөрчлөх хэрэгтэй” гэлээ.
Тус машины сарын зардал нь 60000 төгрөг аж. Цахилгааны хямдралтай тарифтай шөнийн цагаар машинаа цэнэглэвэл илүү хямд тусах юм. Ямар ч агаарын бохирдолгүй үүсгэхгүйгээр 130 км замыг 4000 төгрөгөөр туулах юм байна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизу: “Хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэсэн цахилгаан автомашин дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд цаашид улам өргөнөөр ашиглах боломжтой” гэлээ.
“Мицубиши Моторс” корпорацийн Хойд Азийн офиссын Ерөнхий менежер Ёоичи Шимизу: “Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад баяртай байна. Энэхүү цахилгаан машин хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй учир агаарын бохирдлыг бууруулахад хамгийн тохиромжтой гэж бодож байна” гэсэн.
Хэрэв цахилгаан машин ирэх өвлийг өнтэй давж чадвал ачааны болон мини автобус зэрэг олон төрлийн цахилгаан тээврийн хэрэгслийг оруулж ирэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Одоогийн байдлаар туршиж байгаа тул үнэ нь тодорхойгүй байгаа юм. Эн үеэр цугласан иргэд байгаль орчинд ээлтэй уг машиныг ихэд сонирхон, олзуурхаж байлаа. Тэдний нэг иргэн Д. Гантөмөр “Агаарын бохирдлыг бууруулах энэхүү машин их таалагдаж байна. Мөн мөнгөнд их хэмнэлттэй юм. Их хэмжээгээр оруулж ирээд худалдаанд гаргавал авч унана” гэсэн юм.
Сурвалжилсан: М.Болорцэцэг. Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа