Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны Байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бидний хувьд онцгой, Монгол төрийн хувьд чухал үйл явдал болсон билээ. Анхдагч нь Улсын Бага Хурлын гишүүд та бүхэн. Улсын Бага Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага статустайгаар 53 гишүүнтэй байгуулагдаж байсан. Улсын Бага Хурал Монгол төрийн эрх барих байгууллагын хувьд өөрийнхөө үндсэн чиг үүрэг болсон Монгол Улсын шинэ Ардчилсан үндсэн хуулийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлаар батлуулах үүргээ амжилттай биелүүлсэн. Улсын Бага Хурал таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон байгуулагдсан боловч хоёр жилийн дотор шинэ Ардчилсан хуулиа баталж чадсан түүхтэй.





