Өвлийн улирал хаяанд ирж байна. Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Цэвэр агаар сангаас 16 мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ. Иргэдэд зах зээл дээр 272- 484 мянган төгрөгөөр худалдаалж буй найман төрлийн зуухыг 66 хувь хөнгөлж, 16-228 мянган төгрөгөөр худалдаж авах боломжийг төслийн хүрээнд олгож байгаа юм. Уг төсөлд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлд албан ёсны харъяалалтай бүх иргэн хамрагдах боломжтой бөгөөд гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Борлуулалтын төвүүдийг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 25-35 хороонд байршуулах юм байна. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын байр болон иргэний танхимыг борлуулалтын төв болгон ажиллуулахаар НИТХ-ын даргын тогтоол, Засаг даргын захирамж гарчээ. Тиймээс холбогдох бэлтгэл ажлуудыг хангаж эхэлсэн байна. Бүрэн шаталттай сайжруулсан зуухны борлуулалт ирэх сарын 3-наас албан ёсоор эхлэх юм байна.
Р.Оюун