Японд инженер бэлтгэх төслийн хүрээнд хэрэгжих “Коосэн” сургалт нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь Японы “Коосэн” (Техник мэргэжлийн коллеж)-д шууд элсэн сурах, нөгөө нь Монголд бэлтгэл ангид сураад, шалгалт өгч тэнцвэл Япон улсад сурах хөтөлбөр юм. Суралцагчдад тавих шаардлагыг хангаж, япон хэлний шалгалтад тэнцсэн оюутан ирэх гуравдугаар сараас “Коосэн” сургуульд шууд элсэн гурван жил сурч, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө. Монголдоо ирээд ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-д сурч, бакалаврын зэрэг авах боломжтой. Харин “Коосэн” бэлтгэл анги ШУТИС дээр хичээллэж байгаа бөгөөд 47 оюутан хамрагдаж байгаа гэнэ. Тэд тус ангид 1.5 жил сураад Японд сурах шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд “Коосэн” сургуульд сурч, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө. Шалгалтад тэнцээгүй тохиолдолд МУИС, ШУТИС-д үргэлжлүүлэн сурч болно. Монголд сурах төлбөрийг оюутан өөрөө хариуцна. Тус бэлтгэл ангийн нээлт өнөөдөр болсон юм.