Чингэлтэй дүүргийн 23 дугаар сүргуулийн хүчин чадал, анги дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрч багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар ирүүлсэн мэдээллийн дагуу МХЕГ-аас шалгалт хийжээ.
Шалгалтаар сургуулийн хүчин чадал 2.5-3 дахин нэмэгдэж энэ оны хичээлийн жилд 1-р ангийн 7 бүлэгт тус бүр 54-62 хүүхэд элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь багшийн ачаалал хэт их, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлжээ. Нэг хүүхдэд ноогдох талбай нормоос 2.2 дахин багассан, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 6.8 хувиар бага хуурайшилттай, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байна. Мөн хүүхдийн нягтрал ихэссэнээс сурагчдын ширээ, сандлыг багтаах зорилгоор шахаж тавьж, хоорондын зай, тохиргоог алдагдуулсан, 1а, 1е ангийн зарим сурагчид самбар дээрх бичээсийг хэт хол, эсвэл хэт ойроос харж хичээллэдэг, ширээний эгнээ хоорондын зай багасчээ. Энэ нь сурагчдын хөдөлгөөнийг хязгаарласан, бичил цаг уурын тохиромжгүй танхимд удаан хугацаагаар албадмал байрлалаар стандартын тохиргоо алдагдсан ширээ сандал дээр сууж хичээллэж байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Сургуулийн цайны газар нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч хүнсний төрөлжсөн агуулахгүй, хоол үйлдвэрлэлд тавих дотоодын хяналт хангалтгүй, ажиллагсдын амрах өрөөнд үдийн цайны бүтээгдэхүүнийг хадгалсан, үдийн цайны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх "Талх-чихэр" ХХК, "Мон-сүү" ХХК-тай хийсэн гэрээ нь журмын заалтыг хангаагүй байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй талаар эцэг эх, асран хамгаалагчдаас тавьж байгаа санал гомдол үндэслэлтэй байжээ. Иймд хоёрдугаар улирлын хичээл эхлэх хугацаанд дээрх зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дээд шатны байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар сургуулийн захиралд үүрэг даалгавар өгсөн аж.