Японд инженер бэлтгэх төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Коосэн” бэлтгэл ангийн нээлт өнөөдөр болсон юм. Тус ангид 47 оюутан сурч байгаа. Нээлтийн үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн нэгжийн захирал Д.Намсрайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутнуудыг ямар шалгуураар сонгосон бэ?
-Энэ жил нэгдүгээр курсэд элссэн болон хоёрдугаар курсийн оюутнуудыг онлайнаар бүртгэхэд 200 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Эхний шатны шалгаруулалтаар 98 хүүхдийг сонгон, эсээ бичүүлж, ярилцлаганд оруулснаар эдгээр хүүхдийг сонгосон.
-Бэлтгэл ангид юу үзэх вэ. Төлбөр нь тодорхой болсон уу?
-Япон хэл болон техникийн сургуульд заавал үзэх ёстой ерөнхий эрдмийн болон мэргэжлийн зарим хичээл үзнэ. Сурах хугацаандаа оюутан 49 кредит цуглуулсан байх шаардлагатай. Төлбөрийн хувьд 2.414.400 төгрөг буюу ШУТИС-ийн нэг кредитийн төлбөрийн дундажтай адил байгаа. Өндөр үнэтэй юм шиг боловч ШУТИС-ийн нэг жилийн төлбөрийн дунджаас бага юм.
-Японд сурах шалгалтад тэнцээгүй оюутнууд ШУТИС-д хэддүгээр курсээс нь орох вэ?
-Тухайн хүүхдийн судалсан кредитээс хамаарна.
-Ирэх жил “Коосэн” бэлтгэл ангид хэдэн хүүхэд шалгаруулах вэ?
-50 хүүхэд шалгаруулна.
-Японд сурах шалгалтад тэнцвэл ямар мэргэжлийн чиглэлээр сурах вэ?
-Механик инженер, барилгын инженер, цахилгаан инженер гэсэн чиглэлээр суралцуулна.