Иракийн нийслэл Багдад хотод байрлах шиитүүдийн сүмд амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 22 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан гэж цагдаагаас мэдэгдсэн байна.
Багдад хотын баруун дүүрэгт байрлах шиитийн “Аббас аль-Адли” сүмд уг халдлага болсон гэж Иракийн Дотоод хэргийн яамны эх сурвалжаас тус мэдээллийн агентлагт мэдээлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, түргэн тусламж болон цагдаагийн машинаар хохирогчдыг эмнэлэгт хүргэсээр байгаа ба хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байна.
Ирак улс сүүлийн жилүүдэд хүчирхийлэлд хамгийн их нэрвэгдэж байна. Терроризм болон хүчирхийллийн улмаас жилийн эхний хагаст 5576 энгийн номхон иргэн амиа алдаж, 11666 хүн шархадсан гэж НҮБ-аас мэдэгдсэн юм.
Арабын улсуудын холбооны төлөөлөгч Иракийн Ерөнхийлөгч Фуад Масоум, Ерөнхий сайд Хайдер аль-Абади, парламентын дарга Салим аль-Жубоури нартай уулзаж, “Лалын улс” болон терроризмтэй тэмцэх тус улсын цэргийн кампанит ажилд дэмжлэг үзүүлэх хүчин чармайлт гаргахаа мэдэгджээ.
”Лалын улс” хүрээгээ тэлж буйг зогсоохоор өнгөрсөн сараас АНУ дэлхийн болон бүс нутгийн орнуудыг нэгтгэн холбоо байгуулахыг эрмэлзэж байна. АНУ-ын тэргүүлсэн эвсэл Сири болон Ирак дахь бүлэглэлд өнөөг хүртэл агаараас цохилт өгсөөр байгаа билээ.