Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон улсад 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг манайх есөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл Монгол болон Японд сурах хамтарсан бакалаврын сургалтад ШУТИС-д барилгын архитектур, механик инженерийн чиглэлээр 2015 онд элссэн оюутан хамрагдах аж. Ингэхдээ Монголд 2.5 жил сураад, Японд сурах шалгалт өгч, тэнцвэл явуулна. Бүртгэлийг ирэх оны наймдугаар сард зохион байгуулахаар болжээ. Магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт Монгол Улсад нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа багш, судлаачид хамрагдах боломжтой. Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг www.mjeed.edu.mn цахим хаягаар бүртгэж байгаа гэнэ. Суралцагчдад сургалтын төлбөр, унаа, амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно. Тухайн суралцагч Монголдоо таваас дээш жил ажиллавал зээл нь тэтгэлэг болох юм. Нэг хүн нэг л сургалтад хамрагдана. Гэрээг онцлох шалтгаангүйгээр зөрчвөл, төгсөөд таван жил ажиллаагүй, үр дүнгүй ажилласан тохиолдолд тухайн хүнийг сургахад гаргасан зардлыг өөрөөр нь төлүүлэх юм.