Монгол Улсын тэргүүн хатагтай, “Итгэл-хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа Өмнөговь, Увс аймагт хавдраар шаналж буй өвчтөнүүдэд зориулан, Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээжээ. Өмнөговь аймгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дотрын тасагт байгуулсан бол Увсынхыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын тасагт өрөө гарган иж бүрэн тохижуулсан аж. Эдгээрт тус бүрт нь 23 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Өвчин нь эцсийн шатандаа орж, ямар ч эмчилгээгүй болсон иргэдэд өвдөлт бага мэдрүүлэх, сэтгэл санаагаар дэмжин, амьдрах хоногийг нь уртасгахын тулд хөнгөвчлөх эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээг өмнө нь зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд хийдэг байсан бол “Итгэл хавдаргүй Монгол” сангийн тусламжтайгаар эдүгээ бүх аймаг ийм эмчилгээний тасагтай болоод байна.
Б.БАЯСАЛМАА