Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, есөн дүүргийн ЗДТГ, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ нийлсэн 6899 аж ахуйн нэгж, 37.310 иргэн оролцсон байна. Энэ үеэр 963.886 ам метр зам талбайн 2635 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Мөн нийтийн тээврийн 35 байршлын автобусны эцсийн буудлыг цэвэрлэсэн байна. Нийслэлийн 78 харьяа газар, агентлагийн 2879 ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцож, Их тойруу, Их Монгол Улсын гудамж, Энхтайвны гүүрний урд хойд хэсгийн гүүрэн доогуурх эргэлттэй зам, Нарны замаас Хайлаастын далангийн үзүүр, Сэлбэ голыг цэвэрлэсэн аж. Мөн Дунд гол, Замын цагдаагийн төмөр замын гармаас Энгелсийн гүүр, ЗГ-ын ордноос 7 буудал, Нарны гүүрнээс Наран туулын уулзвар хүртэлх Нарны замыг цэвэрлэжээ. Уг ажилд Баянгол дүүргийн Сувилахуйн сургууль”, ХААН банк, “ХХI зуун” ресторан, “Бадмаараг” төсөл, Гарма гаржид хийд, “Москва комплекс”, “Жаргалан” дэлгүүр“, Дэлгэрэх” СӨХ, “Кинова” төвийн урд байрлах вьетнам авто засвар,”Галын дөл” СӨХ, “Гэрлэн чимэглэл”, “УБ Палас”, “Алейка” бөөний төв, “Манай эмнэлэг” өрхийн эрүүл мэндийн төв, Хан-уул дүүргийн “Мандах 68” СӨХ, “Элигант Хаус”, Сонгинохайрхан дүүргийн “Магнай” шатахуун түгээх станц , “Монгео”, “Сүлжуу” компани, “Жинст өргөө” орон сууцны контор, “Ар жанар” компани зэрэг цөөнгүй аж ахуйн нэгж оролцоогүй байна. Цаашид цэвэрлэгээнд удаа дараа гараагүй, хог хаягдлын хуулийн дагуу орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ.