“Алтангадас трейд” компанийн БНСУ-аас импортолсон, таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “Эссэ” тамхины сав, баглаа боодол, шошгыг шалгаж өгөхийг Тамхины бизнес эрхлэгчдийн холбоо МХЕГ-аас хүссэн байна. Энэ дагуу шалгалт хийхэд тус компани нь манай улсын хууль тогтоомж, ДЭМБ-аас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцийн зарим заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. “ЕSSE Lights”, “ЕSSE Change” тамхины хайрцган дээр “Капсулыг чимхвэл зөөлөн амт нь гаатай сэнгэнэсэн амтаар солигдоно”, “Хоёр төрлийн амтыг өөрийн хүссэнээр” гэж бичсэн нь Тамхины хяналтын суурь конвенцийн 11.1.а дахь “Бүх тамхин бүтээгдэхүүний сав, шошго нь тамхин бүтээгдэхүүний шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, эрсдэл, утааны талаар төөрөгдүүлсэн, хуурамч ойлголт өгөх зэргээр тамхин бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн “ESSE Soun” тамхин дээрх эрүүл мэндийн хор нөлөөний зурган анхааруулга нь хайрцагны талбайн 50 хувьд хүрэхгүй байгаа нь хууль зөрчиж буй. Иймээс “Алтангадас трейд” компанийг тамхиа зах зээлээс буцаан татах үүрэг өгч, агуулахад нь байсан 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun”, нийт 4166 хайрцаг тамхийг битүүмжиллээ. Нийслэлийн прокурорын газар энэ зөрчлийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулийн дагуу худалдаанд гаргасан тамхи, хууль бусаар олсон орлогыг хурааж эхэллээ.
Э.ЭРДЭНЭ