Чингэлтэй дүүргийн XVII хорооны гэр хороололд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр тус хорооны иргэдэд хүлээлгэн өглөө. 1.7 га талбай бүхий “Булагтай” цэцэрлэгт хүрээлэнг “Соёолж” компанийнхан иж бүрэн тохижуулжээ. Нийслэлийн Засаг дарга өнг өрсөн онд захирамж гарган, тоосжилтыг бууруулж, гэр хороолол дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон сул шороон хөрстэй гудамж, талбайг хайрган хучилттай болгох ажлыг нийслэлийн хөрөнгөөр гүйцэтгэх шийдвэр гаргасан. Үүний нэг нь “Булагтай” юм. Эндхийн 1800 ам метр талбай нь ногоон байгууламж бол 2000 ам метр нь асфальтан зам, талбай аж. Мөн хус, улиас, нарс, гацуур, буйлс, хайлаас, монос зэрэг 10 гаруй нэр төрлийн мод тарьжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ жил бид гэр хорооллын дунд хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Баянхошуунд хоёр га орчим газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулсан. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч байхдаа би эндхийн булгийг хамгаалах шаардлагатай гэж үзэн, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тусламжаар хашаатай болгосон юм. Тэгвэл өдгөө цэцэрлэгт хүрээлэн боллоо. Цаашид иргэд ухамсартай хандан хайрлаж, хамгаалаасай гэж хүсэж байна” гэв. Нийслэлд цөөнгүй цэцэрлэгт хүрээлэн бий. Тэгвэл энэ цэцэрлэг булаг шандтай гэдгээрээ онцлог. Ажлын төсөвт өртөг нь 450 сая төгрөг байсан ч гүйцэтгэгч компани нь 500 сая орчим төгрөг зарцуулсан аж.
Энэ талаар “Соёолж” компанийн гүйцэтгэх захирал Д.Машбат “Булаг шандтай учир газар нь намаг ихтэй, цэвдэгтэй байсан. Ажлын зураг төсөл бодит байдалтай нэлээд зөрж, илүү их хөрөнгө шаардсан. Наад зах нь явган хүний зам, бетон талбай хийхийн тулд хөрс солих шаардлагатай болж байлаа. Мөн суваг шуудуу татах, ус зайлуулах хоолой тавих зэрэг зурагт заагааг үй ажлаас шалтгаалж төсөв нэмэгдсэн. Өнгөрсөн тавдугаар сараас ажлаа эхэлж, манай 50-60 хүн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид тусалж, цөөнгүй хүний хүч хөдөлмөрөөр энэ цэцэрлэгийг байгууллаа. Эндхийн иргэд анх барилга барих гэлээ гээд саад болж байсан. Ажлын явцад биднийг ойлгосон. Одоо ам сайтай байгаа” гэлээ.
Тус хорооны иргэн Д.Янжмаа “Зунжингаа ажилласан. Манай эндхийн иргэд их гоё юм хийж байгаа гэж хэлдэг байсан. Үнэхээр үр бүтээлтэй, сайхан зүйл хийжээ. Иргэдэд амарч, суух ийм газар хэрэгтэй. Орой болж, гэрэл нь асахаар бүр гоё юм билээ” гэв. Цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг дүүргийн Тохижилт, үйлчилгээний хэлтэс хариуцаж, засвар, үйлчилгээ хийх аж. Дүүргүүдэд эко эргүүл ажилладаг болсон бөгөөд тэд тус цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтад хяналт тавих юм. Үүнээс гадна ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор тус хорооны гурван иргэнийг манаачаар ажилд авч, 24 цагаар гурван ээлжээр ажиллуулах гэнэ. Манаачийн байрны цахилгаан, ус дулааныг нь шийдсэн байна.
Ч.ЗУЛ