Мали улсад Эбола вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Уг халдвар нь хоёр настай охиноос илэрсэн бөгөөд тэрээр саяхан эмэг эхийн хамт Гвиней улсаас Малид иржээ. Охины биед өвчний шинж тэмдэг илрэх үед буюу аравдугаар сарын 20-ны өдөр Kayes хотын эмнэлэгт хандсан байна. Kayes муж нь 128.000 хүн амтай. Нийслэл Бамако хотоос 600 км-т оршдог бөгөөд Мали болон Сенегалын хил дээр оршдог. Өвчтөний эмэг эх нь Өмнөд Гвинейн Kissidougou тосгонд хүүхдийн ээжийн оршуулганд оролцсон аж. Хэвлэлийн мэдээллээр хүүхдийн ээжийг нас барахын өмнө Эболатай төстэй шинж тэмдэгтэй байсан гэдгийг баталгаажуулж байгаа юм. Аравдугаар сарын 19-ний өдөр эмэг эх нь хүүхдийг асрахаар Гвинейгээс Мали руу авч явах үед хамраас нь цус гарч, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 43 хүнийг илрүүлсэн бөгөөд үүнээс 10 гаруй нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна. Мөн АНУ-д Эбола вируст халдварын дөрөв дэх тохиолдол бүртгэгдээд байна. Гвиней улсад ажиллаж байсан сайн дурын ажилтан Эбола вируст халдвараар өвчилсөн тухай ДЭМБ-аас мэдээлж байна. Тэрээр аравдугаар сарын 17-ны өдөр Гвиней улсаас АНУ-ын Нью-Йорк хотод иржээ. Нислэгийн хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй хэдий ч аравдугаар сарын 23-ны өдөр халуурч эхэлсэн бөгөөд Нью-Йорк хотын Bellevue эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ДЭМБ