Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас ямар хохирол учирсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхнээс тодруулахад “Сүхбаатар сумын нутагт түймэр гарсан. Шалтгаан, нөхцөл болон хохирлыг хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар цөөнгүй мал үрэгдээд буйг тогтоосон” гэсэн юм. Үүний дагуу Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Түймэр хэзээ гарсан бэ. Хэдэн га газар нутаг хамарсан юм бол?
-Нийт 252.000 га талбайг хамарсан байна. Газрын урт нь 90 км, өргөн нь 28 км байсан. Энэ газар нь манай сумын урд хэсэг буюу I, IV багийг нутагт хамаарч буй. Айлуудын өвөлжөө, хаваржаа, малын бэлчээрийн газар. Энэ сарын 22-ны 14.20 цагийн орчимд Бүдүүн ухаагийн энгэр гэх газраас түймэр дэгдэж эхэлсэн юм билээ.
-Хэдийд унтраасан бэ. Хүн хүч хүрэлцээтэй байсан уу?
-Түймэр гарснаас цагийн дараа аймгийн Онцгой байдлаас дөрвөн группийн 10 гаруй машинтай 150 орчим хүн ирсэн. Суманд бензин тосны хүрэлцээ муу байсан тул хоёр цагийн дараа очиж унтраалцсан. Ингэж ажиллаад энэ сарын 23-ны 22.00 цаг орчимд унтрааж дууссан. Бүтэн өдөр, шөнө ажилласан.
-Хохирол ямар байна вэ?
-Хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байгаа. Одоогоор шатсан 65 адуу, 22 үхрийг устгаад байна. Зургаан айлын гэр шатсан. Нэг айл нь Асгат сумаас манайд нүүж ирсэн, бусад нь манай сумынх.
-Хүний амь эрсэдсэн үү?
-Үгүй.
Ч.ЗУЛ